Хятад, Монголын улс төрийн маргаанд Рио Тинто “хэлмэгдчихжээ”

Хятад, Монголын улс төрийн маргаанд Рио Тинто “хэлмэгдчихжээ”

“Оюу Толгой” компани зэсийн баяжмалын экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдсэн. Энэ нь Хятадын талаас хилийн боомтоор нүүрс болон зэсийн баяжмалын тээвэрлэлтийг нэг замаар хийх шаардлага тавьсантай холбоотой бөгөөд   экспорт хийхийн тулд удаан хугацаанд хил дээр дугаарлах байдал үүссэн нь хүндрэл үүсгэж, дээрх  арга хэмжээг  авахад хүргэжээ. Харин Хятадын талаас нэг замаар зэс, нүүрсний тээвэрлэлт хийх хийгээд Ганц модны боомтоор гаргаж буй бүтээгдэхүүнээс хураамж авахаар шийдвэрлэсэн зэрэг нь дээрхийн гэгээнтэн Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотой гэж зарим дэлхийн хэвлэлд мэдээлсэн байна. Нэг үгээр хэлбэл, Хятад, Монголын улс төрийн маргаанд “Рио Тинто” групп хэлмэгдэж буй бололтой. Гэхдээ “Рио Тинто” бол манай улсын хамгийн том татвар төлөгч юм. Тус компанийн хувьд энэ онд 175-195 мянган тонн нүүрс, 255000-285000 унц алт олборлохоор төлөвлөсөн ч,  хилийн боомтын шинэ зохицуулалтын улмаас төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрч болзошгүй юм. Цаашлаад Монголын эдийн засагт ч нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй. Ингээд энэ удаагийн Монгол дэлхийн хэвлэлд булангаараа уг асуудлыг хөндөж, гадаадын хэвлэлд аль өнцгөөс хэрхэн мэдээлснийг хүргэе.

finance.yahoo.com: Рио Тинто Хятад, Монголын Засгийн газраас асуудлыг тодруулж байна

“Туркойз Хилл Ресорсез”  компани өнгөрөгч баасан гарагт Монголын асар том зэс, алтны уурхайгаас Хятадын хилийн боомтыг дамжин өнгөрөх  экспортоо тодорхой асуудлын улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ. 

Хятадын талаас Хятад-Монголын хилээр зэсийн баяжмалыг нүүрстэй нэг боомтоор дамжуулан тээвэрлэх шинэ шаардлагыг гаргаснаар Ванковерт төвтэй “Туркойз Хилл Ресорсез”  компани бүтээгдэхүүний экспортыг  түр хугацаанд  зогсоохоос өөр аргагүй болжээ. Тэдний хувьд энэхүү шинэ шаардлага нь хил дээр удаан хугацаанд хүлээлт үүсгэхээс гадна ажилтнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц байж боломгүй шийдвэр гэдгийг онцолж байна.

Мөн цаашид экспортын түр зогсолт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Хятад, Монголын эрх баригчдаас үүсээд буй асуудлыг тодруулахыг оролдож байгаа ажээ. Энэ онд Өмнөговийн уурхайгаас 175-195 мянган тонн нүүрс, 255000-285000 унц алт олборлохоор төлөвлөсөн хэмээн тус компани өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдээлж байв.  Түвдийн бурхны шашны тэргүүн Далай лам өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт айлчилсны дараа Хятад-Монголын хооронд бүтээгдэхүүн тээвэрлэлтэд шинэ хураамж ногдуулах  шийдвэр гаргасан байдаг.

Буддын шашинтнууд хүн амын олонхийг эзлэх Монголд Далай ламыг ихэд хүндэтгэн биширдэг бол Хятад аюултай салан тусгаарлагч гэж үздэг бөгөөд энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөхийг удаа дараа анхааруулж байсан. Рио Тинто Оюу толгойн 66 хувийг, харин үлдсэнийг нь Монголын Засгийн газар эзэмшдэг байна.

www.theaustralian.com.au: БНХАУ, Монголын улс төрийн хэрүүлд Рио Тинто групп хэлмэгдэж эхлэв  

Дээрхийн гэгээнтэн Далай ламын Монголд хийсэн айлчлалтай холбоотойгоор үүссэн  БНХАУ, Монголын улс төрийн маргаанд  Рио Тинто групп хэлмэгдэж  эхлэв.  Тус групп нь Монголын хамгийн том татвар төлөгч бөгөөд алт, нүүрсний түүхий эдийн ордын ихэнх хувьцааг эзэмшдэг.

Гэвч Түвдийн шашны удирдагч Хятадын сануулгыг үл тоон Монгол Улсад айлчилсны дараа  Оюу Толгойн уурхайн бүхий л бүтээгдэхүүний экспортыг Хятадын талаас хязгаарлаж эхэлжээ. Тодруулбал, тус улсын албаныхан зэсийг нүүрстэй нэг хилийн  боомтуудаар дамжуулан экспортлохыг шаарджээ.

Гэвч  зэсийн баяжмалыг  нүүрстэй нэг  боомтоор дамжуулан тээвэрлэвэл хасах  хэмийн хүйтэнд жолооч нар удаан хугацаанд дугаарлах шаардлага гарах бөгөөд энэ нь  аюулгүй байдлын үүднээс  ноцтой хүндрэл учруулж  буйг Рио Тинтогийн зүгээс онцолж байна. Үүний улмаас өнгөрөгч баасан гарагаас эхлэн бүтээгдэхүүний экспортоо зогсоожээ.  Хилийн боомтын энэ мэт хязгаарлалт нь Далай ламын Монголд хийсэн дөрвөн өдрийн айлчлалтай холбоотой  Монголын эсрэг  авсан арга хэмжээнүүдийн нэг юм.

Өмнө нь Таван толгой нүүрсний уурхайг холбох төмөр замын бүтээн байгуулалт, мега төслүүд, зээл тусламжийг хэлэлцэх хоёр талт хэлэлцээрүүдийг Хятадын талаас цуцалсан байдаг. Буддын шашинт Монгол Улсад далай лам 1979 оноос хойш хэд хэдэн удаа айлчилж байжээ. Рио Тинто групп дэлхийн 40 гаруй улсад  55 мянган ажилчинтай бөгөөд Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресорсез компаниар дамжуулан Оюутолгойн ногдол хувийг эзэмшдэг.

Зургадугаар сард компани 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр газар дорх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Энэхүү бүтээн байгуулалт нь 2020 онд анхны олборлолтоо хийх бөгөөд 2027 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд 500 мянган тонн бүтээгдэхүүн олборлоно хэмээн шинжээчид тооцсон байдаг. Улмаар энэхүү төсөл бодит байдал биеллээ олсноор Монголын эдийн засгийг бодитойгоор  гурав дахин нэмэгдүүлэх тооцоо гарчээ.

Гэхдээ Оюу толгойн хамгийн их санаа зовоосон асуудал нь эдийн засгийн энэхүү өсөлтийн дараа  саяхны явдал шиг  Хятадын хэт хараат байдал хүндрэл үзүүлж болзошгүйд оршиж байна. Гэхдээ Монголын нүүрсний салбарынханд төсөөлшгүй их боломж нээгдэж байгаа юм. Учир нь  Бээжин  дотоодын уурхайд  цагийн хязгаарлалт хийж,  цахилгаан станц, ган үйлдвэрлэлийн импортоо нэмэгдүүлэхэд анхаарч байгаа билээ.  

www.channelnewsasia.com: Гашуун сухайтын боомтоор сар бүр 133 мянган тонн зэсийн баяжмалыг Хятад руу тээвэрлэдэг

Түвдийн шашны тэргүүн Далай лам Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт айлчилсантай холбоотойгоор Хятад Монголын хилийн гол боомт дахь бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шинэ хураамж ногдуулжээ. Рио Тинто группын хувьд Оюу Толгойн уурхайгаас зэсийн баяжмалаа Гашуун сухайтын боомтоор дамжуулан экспортолдог бол Хятадын төрийн мэдлийн Шенхуа групп ч гэсэн Таван толгойн нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэдэг. Тэгвэл Хятадын хилд орших Өвөрмонголын өөртөө засах орны хилийн боомт  дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэл бүрт 10 юаны хураамж, тээвэрлэсэн ачаанаас тонн тус бүрээс найман юаны хураамж  авах шийдвэрийг орон нутгийн удирдлагууд гаргажээ. Мөн нэг тонн нь 10 мянган юаниас давсан үнэт металл,  зэсийн баяжмалаас хоёр хувийн хураамж авахаар шийдвэрлэсэн байх бөгөөд  энэ нь арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.

Монголын метал, уул уурхайн салбарын судалгааны судлаач Дале Чойн хэлж буйгаар Гашуун сухайтын боомтоор өдөр бүр 900 ачааны машин дайрч өнгөрдөг  бөгөөд сар бүр 133 мянган тонн зэсийн баяжмалыг Хятад руу тээвэрлэдэг байна.  Буддын шашинтнууд хүн амын ихэнхийг эзлэх Монголд Далай ламыг хүндэтгэн биширдэг. Гэсэн хэдий ч, Хятадад түүнийг салан тусгаарлагч этгээд хэмээн үздэг  бөгөөд айлчлал хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүйг анхааруулж байв.

Гэхдээ хилийн боомтын зохицуулалтын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдэл хийж, Далай ламын айлчлалтай хамаатуулаагүй ч, тус яамны төлөөлөгч Жен Шуан өнгөрсөн сарын мэдэгдэлдээ Монгол Улс  Далай ламын айлчлалтай холбоотой сөрөг нөлөөг арилгахын тулд үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатайг онцолж байсан удаатай.

Үнэхээр ч Монголын дипломат харилцаанд сэв сууж, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулах, уул уурхайн дэд бүтцийн төслүүд, Хятадаас хөрөнгө оруулалт татах гэх мэт яриа хэлэлцээрүүд цуцлагдаж эхэлснээр хямралд нэрвэгдсэн тус улсын Засгийн газарт хүндхэн цохилт болж магадгүй байна. Засгийн газрын төлөөлөгч Г.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаараа дамжуулан арван нэгдүгээр сарын 28-нд товлогдсон хоёр талт уулзалтыг Хятадын талаас цуцалсан гэдгийг мэдэгдсэн удаатай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.