Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
-
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөн өрнүүлэх, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн, баг тамирчдаа удирдан зохион байгуулж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өргөн, монгол хүний эрүүл мэндийн боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хичээл зүтгэлээ зориулсан Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван,
-
Үндэсний хэмжээний групп үүсгэн байгуулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, газрын тос, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбарт үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэн, дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, малчид, фермерүүдийн тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эрхэлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Шунхлай холдинг” компанийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга Пүрэвийн Батсайхан нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын жүжигчин цолоор:
-
Мэргэжлийн эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа,
-
Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа,


Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор
-
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Түдэвийн Ган-Эрдэнэ,
Гавьяат багш цолоор:
-
“Сити” их сургуулийг үүсгэн байгуулагч, доктор, профессор Цэмбэлийн Байгалмаа,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
-
“Эрдэнэт хивс” ХХК-ийн механик инженер Чимэдийн Пүрэвсүрэн,
-
“Эм Си Эс интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чүлтэмийн Даваахүү,
Хүний гавьяат эмч цолоор:
-
АШУҮИС-ийн зөвлөх эмч Хасагийн Оюунцэцэг,
-
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Төрийн соёрхолт Цогтын Лочин,
Гавьяат эдийн засагч цолоор:
-
“Дефакто” институтын захирал Дамбадаржаагийн Жаргалсайхан,
-
“Алтан жолоо групп” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Чулуунхүүгийн Гүнсэн,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
-
“Ховд” бөхийн дэвжээний дасгалжуулагч, Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэн,
Гавьяат тамирчин цолоор:
-
Хилийн цэргийн 0311 дугаар ангийн сургалт хариуцсан ахлах офицер, Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат,
-
Шатрын үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Сумъяагийн Билгүүн,
Гавьяат барилгачин цолоор:
-
“Хурд групп” ХХК-ийн барилгын талбайн инженер Батсүрэнгийн Батболд,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
-
“Мон газар консалтинг” ХХК-ийн захирал Юнгэрийн Дэлгэрмаа,
Гавьяат малчин цолоор:
-
Ховд аймгийн Дөргөн сумын малчин Намсрайн Пүрэвжав,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
-
СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, доктор, профессор Дамбийн Энхдаваа,
Гавьяат тээвэрчин цолоор:
-
Хархорум хотын захирагч Лувсангийн Халтар,
Гавьяат жүжигчин цолоор:
-
Чөлөөт уран бүтээлч, дуучин Ханджавын Оюунбилэг,
-
“Цэбо фильм” кино продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Цэгмидийн Цэрэнболд,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
-
Ус сувгийн удирдах газрын дарга Цогтсайханы Төрхүү,
Сүхбаатарын одонгоор:
-
Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Эрдмийн сургуулийн профессор, ахмад багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хошууч генерал Балганы Эрдэнэбат,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушги судлалын их эмч, тасгийн эрхлэгч Доржжүгдэрийн Жавзан-Орлом,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
-
Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн захирал, хурандаа Доржийн Чинзориг,
Алтан гадас одонгоор:
-
Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын зөвлөх Энхболдын Батзориг,
-
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бумангийн Уранзолбоо,
-
Монголын кранистуудын холбооны гишүүн, кранист Жунайхүүгийн Мэнджаргал,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-
Монголын дугуй холбооны гүйцэтгэх захирал, Олон улсын хэмжээний их мастер Туулхангайн Төгөлдөр,
-
“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн технологийн хэлтсийн дарга Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг шагналаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.


.jpg)




ХОЛБООТОЙ МЭДЭЭ