“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/720 дугаартай захирамжаар Улаанбаатар хотод “Нэгдүгээр тойрог зам”-ыг барьж байгуулах шйидвэр гарсан. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах “20 минутын хот” хөгжлийн концепцийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төсөл нь нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцолтой байна.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлэн батлуулж хүлээлгэн өгсөн. Улмаар 2025 оны долоодугаар сард Монгол Улсын Их хурлаас тогтоол гарч, Тойрог замыг бүрэн санхүүжүүлэх эрх олгож, хууль эрхзүйн орчин бүрдсэн билээ.
Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Олон улсын нээлттэй тендэрийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр “EPC+F” буюу Зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт + Гүйцэтгэгч тал санхүүжилтийг санал болгох нөхцөлтэйгээр зарласан. Төлөвлөсний дагуу төслийн тендэрийг өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр нээнэ.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл нь хотын төвийг тойрон, 6 дүүргийг дамжин өнгөрөх зургаан эгнээ бүхий нийт 24.8 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвартай байх юм.
Трассын хувьд, Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцоно. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гарсан.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр гарах хамгийн чухал үр дүн нь Монгол улсад анх удаа 2.08 км туннелийн байгууламж баригдаж, нийслэлийн хэмжээнд хатуу хучилттай авто замын сүлжээ 13.679 км-ээр, төмөрбетон гүүрийн хүчин чадал 9.034 урт/м-ээр нэмэгдэх юм.