Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

Монгол Улсад тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа.

Зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар гарын үсэг зурав.

Зарлигт уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, эрдэмтэн судлаач нарт Монголын уламжлалт анагаах ухааны үнэт зүйл, өв соёлыг эрхэмлэн хамгаалах, судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, уламжлалт мэдлэгт суурилсан эрүүл аж төрөх ёсыг түгээн дэлгэрүүлэхийг уриалжээ.

Энэ зарлигаар уламжлалт анагаахын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.

Зарлигийн хэрэгжилт, үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр тайлагнаж байх юм. Манай улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Мөн эрдэм шинжилгээний 200 гаруй ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр ажиллаж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ