ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Гурван нам хамтрахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол заалт нь 35 жил гацсан том төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ ажлаа хийж чадсангүй гээд хамтарсан Засгийн газрыг огцруулна гэвэл хүлээн зөвшөөрнө. Гэтэл Засгийн газар гэрээнд заасан үүргээ биелүүлж сайн ажилласан. Эрчим хүчний шинэчлэлээ хийсэн. Ажил явж байгаа. Гэтэл нэг намын Бага хурлаар гэрээг дүгнээд гэрээний үүргээ биелүүлсэнгүй гэж байгаад харамсаж байна. МАН-ын шийдвэрээр Засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. УИХ-аар хэлэлцээд явах ёстой. Бага хурлын шийдвэрийг албан ёсоор ХҮН намд ирүүлээгүй байна. Гурван намын дарга уулзсан. Албан ёсоор гэрээгээ дүгнээд үндэслэлүүдээ гаргаж өгвөл гурван намын бодлогын зөвлөлөөр хэлэлцээд явна.
МАН дангаараа Засгийн газраа байгуулаад явж болно. Бид болохыг нь дэмжээд болохгүйг нь шүүмжлээд ажиллана. Ерөнхий сайд УИХ дахь бүлгүүд дээр ирж тайлбараа хийх байх. ХҮН намын зөвлөлд орж ирж тайлбар өгөх ёстой. Ерөнхий сайд хамтрахгүй тохиолдолд ажлаа өгнө гэсэн. Хамтраад явбал үргэлжлүүлээд ажлаа хийнэ гэсэн байр суурь нь хэвээрээ байна лээ. Ерөнхий сайд орлогоо нотлоод явах нь зүйтэй. Залуучууд жагсаал хийж байгаа зөв. Ардчилсан орон шүү дээ. Гэтэл орлогоо нотлоод явах асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгож хувиргаад МАН-ын Бага хурлаар хэлэлцэж байгаа нь буруу. Орлогоо нотлоод болохгүй бол хариуцлагаа хүлээгээд явах нь ямар ч улстөрчийн ёс зүйн асуудал.
Энэ бол хамтарсан Засгийн газрын асуудал биш. Ерөнхий сайд өөрөө "сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ" гэсэн. Хууль хяналтын байгууллага нь шалгаад, хүүхэд нь ирээд шалгуулж байгаа юм байналээ. Тэнд орлогоо нотол гэдэг зүйл ярьж байхад энд хамтарсан Засгийн газар буруу гэдэг асуудал явахаар Монгол Улс хөгжихгүй биз дээ. Энэ болохгүй шүү дээ" гэлээ.