Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт байхгүй боллоо

Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт байхгүй боллоо

Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг хасах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэе.

Үндсэн хуулийн 3.1-т  “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Үндсэн хуулийн уг заалтыг амьдралд хэрэгжүүлж, 100 мянган иргэний санал Монголын түүхэнд анх удаа хууль болон батлагдлаа. Энэхүү санаачилгыг гаргасан иргэн Н.Номун-Эрдэнэ болон хуульд өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн 100 мянган Монгол Улсынхаа иргэдэд баяр хүргэе.

Төрийн эрх барих байгууллага ард иргэдээсээ зайтай, хол хөндий, тасарсан байна гэх яриа шүүмжлэл нийгэмд байсан бол эдүгээ бүх хууль тогтоомжийг батлахдаа иргэдийн саналыг тусган авдаг болжээ. “D-petition” буюу нийтийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлсэн. Энэ хүрээнд иргэдийн дэвшүүлсэн саналыг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой шүүн хэлэлцээд Үндсэн хууль, бусад хууль, тогтоомжтой нийцүүлэн батлах шинэ систем хэрэгжиж байна. Нийтийн өргөдлийн уг систем хэрэгжиж эхэлснээр иргэд талбай дээр жагсаж цуглаж, эсэргүүцлээ илэрхийлэх бус цахимаар санал бодлоо илэрхийлдэг,  тэр нь бодит ажил хэрэг болж чадлаа.

Монгол Улсын ардчиллын гол баталгаа бол иргэдийн оролцоо юм. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх нь ардчиллын үндсэн зарчим мөн. Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдаж байна. Энэ бол ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ боллоо. Өнөөгийн технологийн эрин зуунд цахим талбарыг ашиглаж, иргэн хүн төрийн бодлогод саналаа хэлж, олноороо дэмжигдэж, хууль болон батлагдах үйл явц цааш цаашдын парламентад зөв үлгэр жишиг болно гэдэгт итгэж байна.

Иргэдийн оролцоотой Монгол Улсад цэгцрэх хөдөлгөөн өрнөсөөр байна. Ийнхүү газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг үүгээр мэдэгдэж байна. Хууль санаачилж, идэвхтэй ажилласан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нарын гишүүдэд талархал илэрхийлье. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ