ШУА-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний ном, товхимол, тайлан, сэтгүүлийг Парламентын номын санд хүлээлгэн өглөө

ШУА-иас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний ном, товхимол, тайлан, сэтгүүлийг Парламентын номын санд хүлээлгэн өглөө

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хүрээнд өөрсдийн эрхлэн гаргадаг шинжлэх ухааны судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ном, товхимлыг харилцан солилцдог уламжлалтай.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл тус академиас сүүлийн жилүүдэд эрхлэн хэвлүүлсэн 17 нэр төрлийн 50 гаруй хэвлэмэл бүтээгдэхүүнийг өнөөдөр (2023.01.17) Парламентын номын санд хүлээлгэн өглөө.  Тодруулбал, Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулсан бүтээсэн “Монгол Улсын шинжлэх ухааны түүх” 1-5 боть, “Амьдралыг тэтгэгч тогтолцооны нэвтэрхий толь” 1-3 боть, “Академич Базарын Ширэндэвийн бүтээлийн чуулган” 1-10 боть, “Судар бичгийн хүрээлэнгийн мэргэд”, “Шинжлэх ухааны хроник”, “Монгол Улсын шинжлэх ухааны академи”, “Эрдмийн ундраа-Академичдын мэдлэг лекц” 1 боть, “Бэлчээрийн монгол малын мах” ном, товхимлууд болон “Шинжлэх ухааны амьдрал” сэтгүүлийн 2018-2023 оны дугааруудыг хүлээлгэн өгсөн юм.

Улс орныг хөгжүүлэхэд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буй өнөө цаг үед  Шинжлэх ухааны академи, түүний харьяа хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны бүтээлийг эргэлтэд оруулж, үндэсний эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж буйгаа Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр, Энэ онд парламентын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ үе эхэлж, 126 гишүүнтэй болно. Үүний хэрээр Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн судлаачдын бүтээлийн тоо, чанар нэмэгдэхийн зэрэгцээ Парламентын номын сангийн сан хөмрөг улам баяжна. Иймд монгол эрдэмтдийн судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэхээр Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлснийг сонордуулаад тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг судалгаа, лавлагаа мэдээллийн эмхэтгэлийн дээжээс өгөв.

Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, “Хэзээнээс эрхэм баян эрдэм ном хэмээн мэдлэг ухааныг оройдоо дээдэлж ирсэн Монголчууд бид мэдлэг үйлдвэрлэл, уламжлалын олон зууны гайхамшигт түүхтэй ард түмэн билээ. Бидний ихэс дээдэс эрт дээр үеэс мэдлэг ухааныг шүтэн оюуны ертөнцөө ямагт тэлж, ном эрдмийн ажлыг дагнан эрхэлдэг төрийн байгууллага бий болгож ирсэн уламжлалаас энэ түүх тод харагддаг. Манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн шинэ замыг сонгож хөгжсөн сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бүх талаар бэхжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүн, нийгмийн ач холбогдол, оюуны бүтээлийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түншлэлийн бүхий л хэлбэрийг хөгжүүлэх зэрэг олон  чиглэлээр хичээн зүтгэж байна. Мэдлэг бий болгох, төрд зөвлөх, нийгмийг соён гэгээрүүлэх нь академийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юм. Бий болгосон мэдлэгийг бусдад хадгалан, дамжуулах гол хэрэгсэл нь ном, товхимол учраас шинжлэх ухааны үр шимийг хүртэгчдийн тоог нэмэгдүүлэхэд номын сангийн үүрэг чухал ач холбогдолтой” гэлээ.

Ном, бүтээл хүлээлгэн өгөх үйл Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, тус хүрээлэнгийн судлаачид, Парламентын номын сангийн төлөөлөл болон Монгол Улсын Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн номын сангийн ажилтнууд зэрэг албаны бусад хүмүүс, оролцлоо.

Парламентын номын сан нь 1957 онд Намын төв хорооны номын сан нэртэйгээр байгуулагдаж, 1992 оноос Парламентын номын сан болон өргөжсөн. 1930 оноос хойших сонин, 1940-1990 оны сэтгүүл, гадаад хэл дээрх 20 мянга гаруй ном, нийт 46 мянга гаруй нэгж ном, товхимол бүхий баялаг сантай. Уншлагын танхимаар болон гэрээр номын сангийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд цаашид илүү нээлттэй, цахим номын сан болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ