Н.Алтанхуяг: Намайг намын дарга болгож яриад байгааг ойлгохгүй байна

Н.Алтанхуяг: Намайг намын дарга болгож яриад байгааг ойлгохгүй байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

 

-Удахгүй сонгууль болно. Энэ жилийн сонгууль нэлээд сонирхолтой хувилбараар болохоор зурагдаад байна. Та сонгуулийн тогтолцооны асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай улс бүсчилсэн байдлаар хөгжих тухай ярьж байна. Үүнийг тархи угаалт гэж харсан. Сонгуулийн тойргоо томсгох ерөнхий санаа нь бол буруу биш. Харин сонгууль дөхүүлээд яаруу хийж байна. МАН  2024 оны сонгуульд ороход  хулгай,   хүн амын амжиргаа буурсан гээд олон асуудал бий.  Тэгэхээр  сонгуулийг зөв шударга зарчимтай явуулна гэхээс илүү  энэ сонгуульд тойргийг яаж зохион байгуулж саналыг ямар байдлаар авбал хожих вэ, яаж олон суудал авах  гэсэн өнцөг харагдаж байна. Хэрвээ шударга явбал томсгосон тойргийн нэг ач холбогдол нь  намуудын өрсөлдөөн  байх ёстой.

-Та 2020 онд бие дааж нэр дэвшиж байсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Би  энэ оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшинэ. 2020 оны сонгуульд  намайг хасаад намгүй болсон учраас бие дааж нэр дэвшсэн болохоос биш би АН-ыг байгуулцсан хүн шүү дээ.  Би АН-ын асуудлыг цагтаа мэддэг байсан. Харин одоо намын удирдлага биш учраас намыг төлөөлж  ярих эрхгүй. Гишүүний хувиар байр сууриа илэрхийлдэг. Манай нам жаахан унхайгүй л байна. Томсгосон тойрог дээр МАН бүсчилсэн тойргийг өргөн барьчихсан байхад АН хамт цаас барьж зогсох ямар ч шаардлага байгаагүй. 62 гишүүнтэй нам энэ хуулийг яаж бол яаж батална. Гэтэл өөрсдөө очоод хам хэрэгтэн болох хэрэггүй байсан. Одоо нийгмийн асуудал хүндхэн байна. 1990-ээд онд намайг Их сургуулийн багш байхад нийгэм нэг иймэрхүү байсан. Гэхдээ тухайн үеийн МАН-ын удирдлагууд ардчилсан үзэл санааг нухчин дараагүй юм шүү.

-Та Орхон аймгаас сонгогдсон УИХ-гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ажлууд хийв?

-Намайг Орхон аймгийнхан сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би Монгол Улсын иргэдийн төлөө ажиллах ёстой. Манай улсад ямар ч асуудал шийдэгдэхгүй байна. Би Ерөнхий сайд байсны хувьд бүтээлч байдлаар юм хийе гэж оролдсон. Эрх баригч намтай гурван зүйл дээр хамтарч ажиллах талаар ярьсан. Нэгдүгээрт, байгалийн баялагтаа эзэн болох, Эрдэнэтийн хүдрийн баяжмал буюу овоолгын ашгийг гурав хуваах санаачилга гаргасан. УИХ дээр үүнийг санаачилсан ч унагаасан. УИХ-дээр унасан болохоос амьдрал дээр энэ унаагүй. Эрдэнэт үйлдвэрээс нэг жилд  арван мянган тонн цэвэр цэс гаргаж, 100 сая долларын борлуулалт хийдэг. Үүнийг 2-3 хүн авч байгаа.  Энэ хүмүүс хэзээ ч Монголыг хөгжүүлэх юм хийдэггүй. Улстөрчдийг худалдаж авах ажиллагаа явуулдаг. Өнөөдөр хүртэл энэ асуудал шийдэгдэхгүй байгаа нь улстөрчид, ялангуяа эрх барьж байгаа, шийдвэр гаргах түвшний хүмүүс худалдагдаж байна гэж харж байгаа.

-Таныг АН-ын дарга болно гэсэн яриа байна. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Надтай ярихгүй намайг дарга болгоод яваад байгааг сайн ойлгохгүй л байна. Надад АН ч жижиг харагдаж байна. 1990 онд бий болсон үг хэлэх, хэвлэн нийтлэх, өмчтэй байх гээд олон эрх чөлөө алга болж, бүдгэрсээр байна. Шинэ залуу үе үүнийг анзаарахгүй байх шиг.  Тиймээс зөвхөн АН-ын тухай ярьмааргүй байна. 1990 оны хувьсгалаар бий болсон монголчуудын олж авсан эрх чөлөө, эд хөрөнгө,  өмч хаана байгаа вэ. Энэ бол  өнөөдөр цөөн дарга нарын өмч болж хувирсан байна. Нөгөө талаас өнөөдөр төрийн өмчийн гэх том компанийг  дарга нар хувааж иддэг болжээ. Сая УИХ-аар болсон нүүрс, Хөгжлийн банкны хоёр сонсгол сайн боллоо гэж харж байна. Ардын намын бүх юм нь муу биш. Харин хулгайч нар нь муу л даа. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гишүүний санаачилсан  Хяналт шалгалтын хууль сайн болсон. Үүний дагуу хөгжлийн банк, нүүрсний сонсголыг ярьсан. Эхний удаа  учраас бага зэрэг  өрөөсгөл асуудал байгаагаас биш энэ бол манай улсын хувьд том дэвшил. Харин одоо идэж уусныг нь хараад суух биш шийдлүүдийг  харах хэрэгтэй.Одоо ногоон автобусны сонсгол хийнэ гэж ярьж байгаа. Энэ бол зөв. Сонсгол бол хэн нэгнийг шийтгэх зорилготой биш, иргэдийн мэдэх эрхийг хангах оролдлого юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 6 (7250)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ