НӨАТ-ыг бүгд төлдөг болбол ч...

НӨАТ-ыг бүгд төлдөг болбол ч...

НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгож өсгөх тухай яриа гарсан ч УИХ-ын босго давж амжилгүй бүдрэв бололтой.  Орсон борооны хойноос цув нөмрөхөд, таван хувь уг нь иргэдийн амьдралд хэрэгтэй байсан юм. Ийм боломж бий юү гэвэл бий. НӨАТ-ыг үйлчилгээ үзүүлж буй бүх хүнээс авахад л таван хувь авах нөхцөл бүрдэх бус уу. Шулуухан хэлэхэд, улсад татвар төлдөггүй хэрнээ бараа бүтээгдэхүүнийхээ үнийг байнга өсгөдөг иргэн, аж ахуйн нэгжүүд олон бий. Тухайлбал байшингийн булан тохой бүрт ажил үйлчилгээ явуулдаг цайны газруудын дийлэнх нь НӨАТ-ын баримт өгдөггүйг хэн бүхэн мэднэ. Тэгсэн мөртөө цэсэн дэх хоолныхоо үнийг цахилгаан, дулаан, усны үнэ нэмэгдсэн тул гэх тайлбарын дор сар бүр өсгөдөг.

Мөн хүнсний захуудыг нэрлэх байна. Барс зах гэхэд л 300 гаруй түрээслэгчидтэй. Тэд зөвхөн захын эзэнд л сар бүрийн тодорхой өдөр лангууны түрээс төлөх үүрэг хүлээдэг. Мах, гурил, хүнсний ногоо, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахдаа иргэнд ямар ч баримт төлдөггүй. Мөн Хархорин, Баянзүрх, Дэнжийн мянга, Хүчит шонхор, Лаванда, Нарантуул, Баялаг-Ундраа, Тэнгэр бөөний худалдаа, Дүнжингаравыг нэрлэх байна. 

Үүнээс гадна хэдэн арваараа хаяа дэрлэн үйл ажиллагаа явуулах оёдлын газрууд, үсчин гоо сайхны газруудыг ч хамруулах хэрэгтэй. Үсээ засч, янзлуулахгүй хүн  гэж үгүй. Эрэгтэй халимаг үс доод тал нь 30 мянган төгрөг, эмэгтэй үс угаалга  таван мянга, тайралт 30 мянга, сэнс 25 мянга, хими урт богиноосоо хамаарч 80-250 мянгын хооронд үнэ нь хэлбэлзэж буй. Тэд орлогынхоо 30 хувийг сандал түрээслэж буй эзэндээ өгөөд үлдсэнийг нь халаасалж буй. 

Зарим нь ч талбайн хөлс төлдөг л байх.  Эзэндээ шууд ашгаа өгдөг бизнес бол  барьцаат зээл буюу ломбард. Доод тал нь 100 мянган төгрөг зээлж буй түүнд хүү тооцохоор 110 мянган төгрөг  гээд бодохоор хөөрхөн ашиг унадаг нь  биз. Ашгаа бодоод зээлээ долоо хоногоор боддог болсон гэж дуулдсан.  Гоо сайхны салбарын хувьд мөн л хийж, ажиллаж чадаж байвал бэлэн мөнгө эргэлддэг газар. Хумс хийлгэх, янзлуулах, будуулахад 35-85 мянган төгрөгийн ханштай. Сормуус хийлгэхэд мөн ялгаагүй. Энэ бүхэн ашиг биш гэж үү. Дугуй засвар, автомашины засвар, машин угаалгын газрууд, жолооны сургалтын төвүүд  гэж амандаа багтсан үнээ хэлдэг аж ахуйн нэгжүүд бий. Дугуйн хий нэмүүлэхэд мянган төгрөг, хагарсныг нөхөх,  өвөл зуны дугуй солиулах үйлчилгээ үзүүлсний хөлс доод тал нь 10 мянган төгрөг,  машин угаалганы хөлс том, жижиг , бүтэн хагас угаалгаас хамаарч 35-80 мянган төгрөг. Жолооны сургалтын төвийн төлбөр жилээс жилд нэмэгдэж буй. Төлбөрөө хоёр хувааж төлж болно гэдгээрээ далимдуулаад бас л НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгж. Бас шашны байгууллагуудыг нэрлэж болно.  Лам нар ном уншиж буян үйлдсэний хариуд шууд л бэлэн мөнгөө өвөртөлж аваад явна. Ингээд тооцохоор бүртгэлд хамруулж чадвал НӨАТ-ын баримт өгөх боломж бүхий байгууллагууд олон байгаа биз. Уг нь Монгол Улс цахим улс болсон гэдгээ зарлаад хоёр жилийн нүүр үзэж буй. Үйлчилгээ үзүүлж буй иргэдээ бүртгэлжүүлэн, баримт хэвлэдэг пост машинтай болгочихож чадах байлтай. 
Нөгөөтэйгүүр, дардас нь хэвлэгддэг атлаа түүнийг нь уншуулахаар уншигддаггүй байгууллага байдаг гэдгийг уншигчид мэдэх л байх. Улаанбаатар төмөр зам хэмээх их айлын галт тэрэгний тасалбар хэзээ ч уншигдаж байгаагүй гээд хэлчихий. Цахим нь ч ялгаагүй. Дандаа алдаатай гэх хариуг өгөх. Тэр хэрээр татвараас нуугдаж байгаа бус уу. Үнэ нь хямд байхад иргэд тоодоггүй байсан байж мэднэ. 

Гэвч  одоо байдал өөр болсон. Тодорхой хэлбэл, галт тэрэгний үнэ огцом нэмэгдэж үнэтэй болсон. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар 88 мянган төгрөг бол Улаанбаатар-Эрээний галт тэрэгний тасалбар 255,800 төгрөг дээр нь Эрээнээс суувал Эрээн-Замын-Үүд хүртэл 66 юань төлөх учиртай. Энэ бага мөнгө биш.  Өдөр бүр хэдэн саяар хэмжигдэх мөнгө татвараас нуугдаж байна гээд бодохоор шударга бус санагдана. Үүнийг олж харж хариуцлага тооцох засаг төр байна уу. 

Эх сурвалж: Монголын Мэдээ Сонин

2023 оны арваннэгдүгээр сарын 03. Баасан. №168 (5896)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ