Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа

ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа.

Германы улс төрийн ууган сан болох Фрийдрих-Эберт сан Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Цаашид нийгмийн шударга ёс, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хэвлэл мэдээлэл, энх-тайван, аюулгүй байдал болон парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсад анх удаа ирсэн гэдгээ онцолж, Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий гэж харж байгаагаа хэллээ. Ялангуяа, Монголын оюутан, залуустай уулзах үеэр өөдрөг, нээлттэй сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй байсныг анзаарснаа хэлж, цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэв.

Фрийдрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фрийдрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ