“Эрдэнэтийн 49”-ийг шүүх үеэр С.Оюун Монголд ирэх үү

“Эрдэнэтийн 49”-ийг шүүх үеэр С.Оюун Монголд ирэх үү

Долоон жил гацсан “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг өнгөрсөн долоо хоногт шүүхийн бараа харав. Гэхдээ прокурорууд Д.Эрдэнэбилэггүйгээр шүүхэд шилжүүлсэн. Учир нь тэрбээр Монголд байхгүй учраас хэргийг нь тусгаарласан авч үлджээ. Харин Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК гэсэн хоёр компанид холбогдох 322 хавтас хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  2023 оны аравдугаар сарын 12-нд шилжүүлжээ. Шүүх хурлын тов одоогоор хараахан тодорхойгүй байна. Харин “...“Эрдэнэтийн 49”-ийн гэх энэхүү хэргийг шүүх үеэр С.Зориг агсны дүү С.Оюун эх орондоо ирж магадгүй” гэсэн мэдээлэл яригдлаа. Учир нь тэрбээр олон улсын байгууллагад ажиллаж байгаа юм.


Харин түүний ирэх болсон нь “...С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал “Эрдэнэтийн 49-“ийг шүүх үеэр яригдаж болзошгүй” гэдгээс болжээ. Өөр нарийн ширийн мэдээлэл одоогоор алга. Гэхдээ С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбогддог” гээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн цагаан сараар телевизэд ярилцлага өгөхдөө хэлж байсан. Тэрбээр “...С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж, би мөрдөн байцаагч биш шүү дээ. Гэхдээ ЗГХЭГ-ын даргаар ажилласан, Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүний хувьд логик дарааллыг нь ингээд хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл болно. Энэ хэрэг олон жил их ээдрээтэй явж байна. Би бол дотроо “...Одоо бид нарын яриад байгаа авлигалын том системийн эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа даа” гэж боддог юм. Нэг бол “...С.Зориг нас барснаар, алагдсанаар тэр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр шинэ тогтолцооноос гарч, өөр тогтолцоо руу ороод, харьцангуй системтэй явж байсан цаг үе өөрчлөгдсөн. Тэр цагаас хойш системийн авлигал гэдэг юм явсан юм биш байгаа гэж боддог” гэж байв. Энэ үг одоо ч анхаарал татсан хэвээр байдаг. Тэр тусмаа “...Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн хаврын үг, С.Оюун “Эрдэнэтийн 49”-ийг шүүх үеэр ирэх тухай өнөөдрийн мэдээлэл хоёр ямар холбоотой вэ”  гэдэг нь асуултын тэмдгийг бүр ч томруулж байгаа юм. Гэхдээ С.Оюуны энд ирэх бас нэг шалтгаан нь ИЗН-ынх нь асуудал ч байж мэднэ. Яагаад гэхээр УИХ-ын сонгууль ойртож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 209 (7194)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ