Т.Сүхболд хурандаа С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэнд “өвлүүлэх” вэ?!

Т.Сүхболд хурандаа С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэнд “өвлүүлэх” вэ?!

С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс ял оноогоод байсан юм. Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор тус бүр 20 жилийн хорих ял оноосон. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа  С.Зориг агсны дүү С.Оюун  “...Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв.

Тэгвэл 2019 оноос хойшх хэдэн жилд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь ил болсон. Улмаар уг хэрэгт холбоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Залгуулаад мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг НПГ-т хүргүүлж, тэр ёсоор шийдэгдсэн. Дээрх хоёр хүн цагаадчихаад сууж байгаа юм.

Ингээд энэ хэрэг “мухар гудамж” руу орчихов уу гэх нөхцөл үүссэн. Гэхдээ энэ оны эхээр “...Мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болжээ. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ” гэсэн мэдээлэл тарсан. Үүнээс хойш бараг найман сар өнгөрч байна. Харин ажлын хэсгийн дарга Т.Сүхболд нь сарын өмнө ЦЕГ-аар томилогдсон. Тэгэхээр ЦЕГ-ын дарга нь  ажлын хэсгийг ахалсан хэвээр үлдэх үү. Эсвэл хэн нэгэн, тэр дундаа ЭЦА-ны шинэ даргад С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг “өвлүүлж” үлдээх үү. Хариулт нэхсэн ийм асуулт байгаа юм. Гэвч үүнээс илүүтэйгээр “...Энэ ажлын хэсгийн ажил үр дүн ямар явцтай байна вэ” гэдэг нь “...Хэн ахлах вэ” гэдэг асуулт тодорхой хариулт нэхэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ