Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 9 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.

Түүний ажлын бүрэлдэхүүнд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Ганболд болон бусад дэд сайд, газрын дарга нарын хамт 14 хүн багтсан байна.

Л.Оюун-Эрдэнэ сайдыг Өвөрхангай аймгийн удирдлагууд төв талбайдаа Арвайхээр цэргийн хүрээний хүндэтгэлийн жагсаалаар угтан авсан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхий сайдын нутагт хүрэлцэн ирж байгаад баяртай байгаагаа тэрбээр уулзалтын эхэнд илэрхийлэв.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн нар Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үйл хэрэг, үзэл бодлоороо тэмцэж явсан учраас “Шинэ сэргэлтийн бодлого өврийн сайхан хангай нутгаас эхтэй” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Уулзалтын үеэр иргэдэд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ тавьж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрчлэн ирэх оны төсвийн онцлог нь орон нутагт ажиллах төрийн албан хаагчид, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэх аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэж байгаа аж. Төрийн захиргааны болон үйлчилгээ, улс төрийн албан хаагчид аймагт ажиллабал цалингийн 20 хувь, суманд ажиллавал 40 хувийн нэмэгдэл авна. Орон нутагт орон сууц барьсан компанийн орлогын албан татварыг 90 хувь хөнгөлнө гэлээ.

Иргэд санал хүсэлтээ илэрхийлэхдээ тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэх, багш нарыг чадавхжуулах, сургуулийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах, төрийн дунд, доод шатны албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй байлгах гэхчлэн олон асуултыг тавьж, вакцинжуулалт, нүүрсний хулгай, эрүүл мэндийн 13А маягт зэрэг цаг үеийн асуудлыг тодруулж, авлигачидтай тэмцэх үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймагт иргэдтэй уулзалт зохион байгуулахын зэрэгцээ аймагт үйл ажиллагаа явуулдаг ноос угаах, арьс шир, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, доорхи асуудлуудыг шийдвэрлэхээр тогтсоныг Та бүхэнд танилцуулж байна. Үүнд:

• Дулааны станцын II хэлхээний дулаан, цэвэр ус дамжуулах шугам хоолой болон цахилгааны сүлжээ /Арвайхээр сум/

• Гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг нэмэгдүүлэх /Арвайхээр сум/

• Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн барилга барих, 150 ор /Арвайхээр сум/

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах /Арвайхээр сум/

• Сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Арвайхээр сум, 2 дугаар сургууль/

• “Цахим аймаг-2” хөтөлбөрийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх

• Аймгийн хэмжээнд нийт 8 сургуулийн гадна биеийн тамирын талбайн зураг төсвийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх

• Төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн төвийн зураг төсөв боловсруулж, улс болон орон нутгийн төсвөөс хамтарч шийдвэрлэх.

• Бүсийн хэмжээний иж бүрэн хүүхдийн зуслан барих зураг төсвийг боловсруулах

• Хархорин, Арвайхээр суманд зураг төсөв нь бэлэн байгаа цэцэрлэг, сургуулийн барилгыг шийдвэрлэх

• Цэвэрлэх байгууламж шинээр барих /Хархорин сум/

• Хүүхэд залуучуудын хөгжлийн ордон шинээр барих /Хархорин сум/

• Сургуулийн барилга өргөтгөл шинээр барих /320 суудал, Хархорин сум/

• Сургуулийн барилга, спорт заал шинээр барих /320 суудал, Баян-Өндөр сум/

• Есөнзүйл сумын Засаг даргын тамгын газрын байрыг “Өндөр гэгээн Г.Занабазарын музейн хамтаар шинээр барих, зураг төсөл боловсруулах

Авто замын чиглэлээр:

• Арвайхээр-Хужирт чиглэлийн 43.3 км хатуу хучилттай авто зам барих

• Улсын чанартай авто замаас Есөнзүйл сум хүртэлх 12 км автозам шинээр барих

• Улсын чанартай авто замаас Хайрхандулаан сум хүртэлх 3.8 км хатуу хучилттай авто зам шинээр барих

• Арвайхээр-Гучин-Ус-Шивээ хүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах

• Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх /Бумбатын даваанаас Элсэн тасархай хүртэл, Арвайхээр сумаас Бажийн дөрөлж хүртэл/

• Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто замтай холбох зураг төсөв хийх санхүүжилтийг шийдвэрлэх

• Арвайхээр-Баянгол-Сайхан-Овоо-Мандал-Овоо-Цогт-Овоо чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төсвийг боловсруулах.

• Арвайхээр-Гучин-Ус-Шивээ хүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах

Ингэснээр манай аймгийн хувьд ирээдүйд өмнөд хөршрүү 3 чиглэлээр автозамын хилийн гарцтай болж, босоо тэнхлэгийн автозамын сүлжээнд холбогдох бөгөөд байршлын давуу талыг ашиглаж, эдийн засгийн өргөн эргэлттэй болох боломжтой болох болно.

Хөдөө аж ахуйд:

• Мал үржлийн ажил үйлчилгээ зохион байгуулах “Биотехнологийн төв” байгуулах

• Малын гаралтай мах, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн дунд ашиглагдах Магадлан итгэмжлэгдсэн лаборатори байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх.

• Аймгийн 100%-ийн өмчит “Өв эко мийт” махны үйлдвэрт шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмийг шийдвэрлэх.

• Төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой үйл ажиллагааны чиглэл – төрөлд арьс ширний төрлийг хамруулж, тус үйлдвэрийг зээлийн бодлогоор төрөөс дэмжих боломж нөхцлийг бүрдүүлж, эрх зүйн орчинг сайжруулах.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ