Танхимын Ерөнхийлөгчийн сунгаа эхэллээ

Танхимын Ерөнхийлөгчийн сунгаа эхэллээ

МҮХАҮТ дөрвөн жил тутамд хурлаа хийж, шинэ Ерөнхийлөгчөө сонгодог.  Ээлжит хурлаа энэ сарын 20-ны өдөр хийхээр товлоод байна.  Өчигдрийн байдлаар 11 хүн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсноо зарлалаа.  Үүнээс харахад, энэ удаагийн танхимын Ерөнхийлөгчийн сунгаа нэлээд өрсөлдөөнтэй, өргөн цар хүрээтэй болох нь.

Өнгөрсөн дөрвөн жил бизнес эрхлэгчдийн хувьд амар байгаагүй.  Цар тахлаас эхлээд гэнэтийн сорилт ихтэй он жилүүд байв. Энэ хугацаанд танхимын өнөөгийн удирдлагууд ажлаа хэр хийсэн бэ гэдгийг мөн энэ сарын 20-нд болох хурлаараа хэлэлцэн, дүнгээ тавих учиртай. 

Монголд 90 мянган компани, аж ахуйн нэгж бий. Тэднийг нэгтгэж, зовлон жаргалыг нь сонсож, төр болон олон улстай харьцах гүүр болдог гэдэг утгаараа МҮХАҮТ том бүтэц.  Тиймдээ ч энэ байгууллагын гүйцэтгэх удирдлагын сунгаа олон анхаарлыг татаж буй.  Танхимын Ерөнхийлөгчийн  сунгаанд нэр дэвшигчдийн талаар тоймлон хүргэж байна.

 

“Скайтел”-ын Д.Болор

Монголын харилцаа холбооны анхдагч компаниудаар овоглодог Д.Болор танхимын ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоо илэрхийлсэн байна. Тэрбээр, “Ньютел”, “Мобиком”, “Скайтел” зэрэг харилцаа холбооны компанийн удирдлагаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Мөн Сургалт Зөвлөх үйлчилгээний “Эн Си Эс”, ухаалаг технологийн SmartStore компаниудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байгаа билээ.

 

Т.Дүүрэн /МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал/

Одоогийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин дахин танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв. Харин тэдний багаас МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нэр дэвшихээ илэрхийлжээ. Хэрэв өнөөгийн удирдлагын багийг сайн, үр дүнтэй ажилласан гэж гэж үзвэл Т.Дүүрэн гишүүдийн дэмжлэгийг авах болов уу. Тэрбээр “UFC” группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ.

 

Эмэгтэй удирдагчдын төлөөлөл Б.Лакшми

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшлээ.

Тэрбээр Орос-Монголын хамтарсан III сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, техникийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн  бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийг эдийн засгийн шинжээчээр төгсчээ. Өнгөрсөн хугацаанд “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран Моторс” ХХК-ийн захирал хийж байв.  Мөн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны  төвийн Ерөнхий захирлаар 10  гаруй жил ажиллаж байна. Мөн олон улсын байгууллага болон компаниудад зөвлөх хийдэг. Герман, англи, орос хэлтэй тэрбээр эдийн засгийн талаар шинжлэх ухааны үндэстэй, ул суурьтай, судалгаатай мэдээллийг өгдөг.  Төр засгийн бодлого, шийдвэрт анализ хийж чаддаг эдийн засагчдын нэг хэмээн салбарынхан нь үнэлдэг билээ.

 

Шарк Д.Энхтүвшин

“MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин  нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэж шийдлээ. Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.  Гэхдээ жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна. Танхимын үйл ажиллагааг яаж сайжруулах талаар та бүхэн бас санал бодлоо хуваалцаарай. Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна" гэжээ.

 

Зөвлөх Л.Төр-Од

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал,  улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр МУИС, Энэтхэг улсын Хууль зүйн үндэсний их сургуульд бакалавр,  Лондонгийн  Их сургуулийн Дорно дахин, Африк судлалын сургуульд Олон улсын хууль зүй, хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.   Мөн олон улсын "Транспэрэнси Интернэшнл" ТББ-ын тэргүүнээр ажилладаг. Үндсэн хууль судлалаар мөн мэргэшсэн хуульч билээ. 

 

Шинэ үеийн төлөөлөл Б.Гантулга

“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нэр дэвшлээ. Түүний хувьд хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байжээ.  Тэрбээр нэр дэвших болсон талаар "Хувийн хэвшлийн орчинд шинэ үе гарч ирж байгааг та бид бүгдээрээ харж байгаа, мэдэрч байгаа. Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч компаниуд одооноос бизнесийн дараагийн үеийг бэлтгэж  хоёр дахь үе ихэнх компаниудад гүйцэтгэх захирал, удирдлагын ажил эрхэлж эхлээд байгаа. Шинээр олон Старт-Ап компаниудыг залуучууд байгуулж байна. Нөгөө талаас улс төрийн намууд, төрийн бүтэц зохион байгуулалт ч шинэчлэгдэж, шинэ үе орж ирж байна. Тиймээс танхим ч гэсэн шинэ үетэй нэг хэлээр, нэг соёлоор, нэг түвшинд харилцах, ойлголцох хэрэгтэй гэж харж байна” гэжээ.

 

“Монгол брэнд”-ийн Ш.Отгон-Өлзий

“Монгол брэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нэр дэвшив.  Тэрбээр Програм хангамжийн инженер, Олон нийтийн бодлогын магистр. Түүний хувьд 2016 -2018 он хүртэл Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байснаас гадна 2015-2017 онуудад Монгоын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан. Одоогоор Монгол брэнд холбооны тэргүүнээс гадна Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг  байна.

Түүнчлэн “Коёотэ” компанийн гүйцэтгэх захирал  Д.Бямбасайхан, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд, “ЭМ ТИ ЭМ СИТИ” ИНЖЕНЕРИНГ компанийн захирал Ш.Мөнхсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүлээд байна.  Дараагийн ерөнхийлөгч энэ сарын 20-нд тодорно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ