Гаалийн дарга нарыг шүргэдэггүй “Шүүр”-ээр залуусыг шүүрдэнэ гэв үү, Р.Отгонжаргал дарга аа

Гаалийн дарга нарыг шүргэдэггүй “Шүүр”-ээр залуусыг шүүрдэнэ гэв үү, Р.Отгонжаргал дарга аа

Монгол Улсын Засгийн газраас албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг, хамаарал бүхий этгээдүүдээрээ өөрийгөө тойруулсан томилгоо хийдэг, ажил үүргийн давхардал бий болгосон, тэтгэвэр, цалин хоёроо зэрэгцүүлэн авдаг үзэгдлийг таслан зогсоох зорилгоор “Шүүр” ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ тэр энэ салбар гэж онцлохгүйгээр төрийн албаны 6000-8000 орчим хүнийг шүүрдэнэ гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. “Шүүр” ажиллагааны зорилго зөв ч зорилтод бүлгийнхнээ шүүрдэх нь бүү хэл шүргэх ч үгүй байна уу даа.

Тухайлбал, Гаалийн Ерөнхий газарт гэхэд л “Шүүр” ажиллагааны хүрээнд “нугалаа” үүсэх нөхцөл үүсжээ. Өөрөөр хэлбэл, ГЕГ-т ажилд ороод 5-3 жил болж байгаа идэр залуусаар Р.Отгонжаргал дарга туг тахихаар зэхэж буй бололтой. Тодруулбал,  ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал төрийн албаны ерөнхий шалгалт өгсөн мөртлөө тусгай шалгалт өгөөгүй хэмээн 70 гаруй залууг  2023.07.01-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлөхөөр болоод байна. Эдгээр залуус “Шүүр” ажиллагааны зорилго болох төрийн албаны “шимэгчид”, албан тушаалын буг бологсод биш байгаа юм. Ихэнх нь 2019 онд ажилд орсон идэр насны залуус байна.

Залуусыг хомроголон халах шалтгаан болсон “Тусгай шалгалт” гээчийн тухайд, 2018 оноос хойш Гаалийн байгууллагад зохион байгуулагдаагүй байна. Өөрөөр хэлбэл 2018 оноос хойш Гаалийн байгууллагад гаалийн улсын байцаагчаар томилогдсон бүх албан хаагчид дээрх шалгалтад ороогүй гэсэн үг юм. Гэтэл тэдгээр томилогдсон албан хаагчдаас зөвхөн 70 гаруйхан хүнийг “Тусгай шалгалт өгөөгүй” хэмээн 2023.07.01-ний өдрөөс албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон нь “Шүүр” ажиллагааны зарчимд нийцэх үү, Ерөнхий сайд аа.

Нүүрсний хэрэгт нэр нь холбогдоод байгаа ГЕГ-ын өмнөх дарга нь цар тахлын үед хүн бөөгнүүлэхийг хориглосон гээд тусгай шалгалт зохион байгуулаагүй байгаа юм. Одоогийн Р.Отгонжаргал генерал ч цагдаагаас ГЕГ-т ирээд тусгай шалгалт зохион байгуулж амжаагүй. Гэтэл Засгийн газрын чухал бодлогыг хэрэгжүүлсэн нэр зүүх гэхдээ гэмгүй залуусаа “Шүүр”-дэхээр болжээ.

Р.Отгонжаргал дарга аа, дээрх 70 албан хаагчаас бусад албан хаагчид ямар хууль зүйн үндэслэлээр “Тусгай шалгалт” өгөөгүй хэрнээ, ажлаа үргэлжлүүлэн хийх юм бэ. Ажлын байрны шаардлага хангаагүй, мэргэжлийн бус нөхдүүд ГЕГ-ын алба хэлтэст бишгүй. Эдгээр хүмүүс “Тусгай шалгалт”-аас мултарч байгаа нь зүйд нийцэх үү. “Шүүр” ажиллагаанд хамрагдаагүй, хийдэл гаргаж шалгалтад орохгүй үлдсэн дээрх хэсэгтэй яаж хариуцлага тооцох вэ. Хүний нөөцийн судалгааг хангалтгүй хийж, шалгалт өгөөгүй албан хаагчдыг хаацайлж үлдээсэн, Засгийн Газрын бодлогыг хэрэгжүүлэх шатанд нь замхруулж байгаа албан хаагчдад ямар хариуцлага тооцох вэ.

Томилогдсон цагаасаа хойш хөдөө орон нутагт гаалийн газар хороонд ажиллаж байгаад, гэнэт албан тушаалаасаа чөлөөглөгдөхөөр болж байгаа дээрх албан хаагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Дээрх албан хаагчид ээлжийнхээ амралтыг ч эдлэх боломжгүйгээр шууд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа хохирлыг хэн барагдуулах вэ. Хөдөө орон нутагт томилж ажиллуулсан ажилчдынхаа ээлжийн амралтыг нь эдлүүлэхгүйгээр халж болох уу.  ГЕГ болон Улаанбаатар, Замын-Үүдийн орон тоо дутагдалтай, сонгон шалгаруулалт зарлаагүй үлдээжээ. Энэ нь ямар үндэслэлээр дээрх албан тушаалуудыг “хадгалж” байна вэ.

Энэ мэт төрийн бодлого даргын үзэмжээр хэмжигдэж, залуусаа золиослох байдлаар хэрэгжвэл авлига хэвэндээ, албан тушаалын эрх ямба, арилжаа наймаа цэгцрэхгүй. Гаалийн ерөнхий газарт хэрэгжиж байгаа “Шүүр” ажиллагаа шүүрдэх ёстой албан тушаалтнаа шүргэх ч үгүй, шинэ залуу ажилтнуудаа золиослоод, “Шүүр” ажиллагааны гол баатрууд төрийн бодлогыг хэрэгжүүлсэн нэр зүүгээд өнгөрөх нь.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ