Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү

Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 20-ны өдөр “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ. Хэвлэгдсэн даруйд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тиймээс хууль хяналтынхан, хууль эрх зүйн салбарынхан “...Авлигын эсрэг эргэлт хийсэн өдөр” хэмээцгээж байхтай таарч байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог, чанга хуультай цөөн улсуудын нэг болж буй аж.

Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтөөр “...Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, “... Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, “...Төсвийг 10 сая төгрөгнөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, “... Хахууль авах, өгөх гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн”, “...Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг нэлээд өөрчлөлт орсон. Мөн энэ өөрчлөлтөөр хөнгөн гэмт хэрэгт шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах зэрэг гэмт хэргүүдийг илүү нарийвчлан хуульчилсан байна.

Гэвч энэ хуулийг санаачлагч Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, хуулийг барьж шийдвэр гаргах гол субьект болох шүүх хоёрын дунд нэлээд зөрчил үүссэн. Ингээд удсан. Нууц биш болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс байсгээд шүүхийн зүгт “үгэн чулуу” нүүлгэдэг. Сүүлд л гэхэд “...Засгийн газар хийх зүйлээ хийлээ. Одоо шүүхийг харцгаая” гэж байв. Ер нь бол Засгийн газар, шүүх хоёрын дундах зөрчил гүнзгийрсээр байгаа нь үйл явдлуудын үргэлжлэлээр харагдаж байгаа юм. 

Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр бас л шүүхтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тэрбээр “...Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой”, мөн

“...Хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү” гэсэн асуудлыг хөндсөн байна. Ингээд дээрх хоёр чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг салбар хариуцсан сайдад нь өгчээ. Тэгэхээр шүүн таслах үйл ажиллагаа, шүүгч нартай холбоотой хуулийн өөрчлөлтийн “сураг” удахгүй гарч магадгүй гэсэн үг.

Түүнчлэн бүртгэл будилуулж, хүүхдийн мөнгөнөөс “суйлдаг” байсан нийгмийн хамгаалал, халамжийн алба хаагчдыг илрүүлэн шалгах тал дээр мөрдөх байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.