Л.Дашням: Бид улс орноо хөгжлийн шинэ замд хурдан оруулахыг зорьсон

Л.Дашням: Бид улс орноо хөгжлийн шинэ замд хурдан оруулахыг зорьсон

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын нэг юм.

–1990 оны анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан АИХ тун өвөрмөц парламент байсан. Та уг парламентад сонгогдон ажилласан депутатуудын нэг. Аль нэг тойргоос сонгогдсон бэ?

-Би АИХ-ын 22-р тойргоос сонгогдсон. Миний нэр дэвшсэн тойрог тэр үеийн Ажилчны район, 120 мянгат орчим юм. Бидний сонгогдсон АИХ 1990 оны ардчилсан хувьсгалын дөнгөж дараахан бүрдсэн. Одоог бодвол харин ч их ардчилалтай парламент байсан. Сонгуулийн хувьд хувь хүн өөрийгөө нэр дэвшүүлж болдог, улс төрийн намууд, албан байгууллагууд ч нэр дэвшүүлж болдог байсан. Миний нэр дэвшсэн тойрогт л гэхэд 30-аад хүн нэр дэвшсэн. Тойрог маань хоёр хэсэгтэй. Миний нэр дэвшсэн цэгт 15 хүн, хажуу талын хэсэг дээр бас төдий тооны хүн нэр дэвшиж байлаа. Би тэр үед Шинжлэх ухаан, техникийн дэвшлийн төвд тасгийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан хөдөлгөөн өрнөөд, иргэд их идэвхтэй болоод эхэлсэн дээ. Шинэ дэвшилтэт хөдөлгөөн гэж байгуулагдсан. Тэр хөдөлгөөнд би хамрагдаж байсан. Хөдөлгөөн маань яваандаа Ардчилсан нам, Социал демократ нам байгуулагдсаны дараахан Үндэсний дэвшлийн нам болсон. Тухайн үед Улс төрийн намын тухай хууль гараад, 801 хүнтэй байж нам байгуулах ёстой гээд заачихсан. Нам байгуулахаар 801 хүн олно гэдэг том ажил байсан. Би социализмын үед нам бус сэхээтэн байлаа. Тэгээд Шинэ дэвшилтэт хөдөлгөөндөө хамрагдаад, Үндэсний дэвшлийн нам байгуулахад гишүүн нь болсон юм. Нам маань дотроо хоёр жигүүртэй. Би үндэсний талынх нь жигүүрийг нь ахалдаг байв. Манай жигүүрийнхэн үндэснийхээ түүх, соёлыг сэргээх, монгол үндэстнийхээ уламжлалыг хадгалах тухай ярьдаг, голцуу соёл, урлагийнхан байсан даа.

-АИХ-д хэрхэн нэр дэвшсэн бэ?

-Би АИХ-ын сонгууль болоход намаас нэр дэвшүүлдгийг ч мэдээгүй. Тэгээд хажуу хөршийнхөө нэг эрдэмтнийг гуйгаад, тэр маань нэр дэвшигчдийн бүртгэл хаахын дөнгөж өмнөхөн намайг хэлж, нэр дэвшүүлж байлаа. Нэр дэвшүүлэх үйл явц нь их ардчилсан байжээ. Тухайн тойргийн иргэд оршин суугчдыг цуглуулаад л тэдний дундаас хүмүүсээ нэр дэвшүүлнэ. Би тойрогтоо нэр дэвшчихээд нам дээрээ ирсэн чинь “Та намаасаа шууд нэр дэвшиж болох байсан шүү дээ” гэж байсан. Би тэрийг нь мэдээгүй юм чинь. 22-р тойргийн хоёр хэсэг нийлээд 30 гаруй хүн дэвшиж, хоёр шаттай шалгаруулалт хийсэн. Хоёр дахь шатанд нь би эрчим хүчний Чимид гэдэг хүнтэй тунаж үлдээд депутатаар сонгогдож байлаа. АИХ бүрдэнгүүтээ дотроосоо хурлын дарга, орлогч дарга нараа сонгосон АИХ-ын депутатууд намайг орлогч дарга болгосон.

-Та бүхний сонгогдсон АИХ-ын түүхэн гавьяа нь ардчилсан Үндсэн хуулийг баталсан явдал. АИХ байгуулагдахдаа л шинэ Үндсэн хуулийг батлахыг гол зорилгоо болгосон гэдэг байх аа?

-Бид ерөөсөө тийм л зорилготой байсан. АИХ дөрвөн жилийн мандаттай сонгогдож байгаа мөртлөө шинэ Үндсэн хуулиа боловсруулж, баталчихаад тарна гэсэн зорилго тавьсан. Түүндээ хүрч Үндсэн хуулиа батлаад л өөрсдөө сайн дураараа тарсан. Бид улс орноо хөгжлийн шинэ замналд нь хурдан оруулъя л гэж зорьсон. Үндсэн хуулиа баталчихсан юм чинь түүхэн үүргээ биелүүллээ л гэж үзсэн дээ.

-АИХ тарангуут шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ын анхны сонгууль болсон доо?

-Тийм. Би 1992 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Гэхдээ өөрийн сонгогдсон, итгэл хүлээлгэсэн тойргоо орхиод Архангай руу явчихсан юм. АИХ-ын орлогч дарга байсан юм чинь хүмүүс намайг таних байх гэж бодоод төрсөн нутаг руугаа очиж нэр дэвшсэн чинь сонгогдоогүй ээ.

-1990 оны АИХ байгуулагдаад л Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилдаа орсон уу?

-АИХ-ын Тэргүүлэгчдийн даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн эхийг боловсруулсан. Түүнийг цааш нь улмаар АИХ-д өргөн барих даалгавартай Улсын Бага Хурал гүйцээн боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Тэгээд үүргээ гүйцэтгэсэн учир үйл ажиллагаа нь дуусгавар болсон. Тухайн үед маш ардчилалтай байсан. АИХ хоёр хуралдаан хийсэн. Анхны хуралдаанаар АИХ-ын даргаар Ж.Гомбожавыг сонгосон. АИХ-ын дөрвөн орлогчийг бас сонгосон. УБХ-ыг байгуулсан, Ерөнхийлөгчийг томилсон. Мөн Засгийн газрыг байгуулж өгсөн. Харин хоёр дахь хуралдаан  дарга, орлогчоо шинээр сонгосон юм. Ж.Уртнасан дарга болсон. Дөрвөн орлогч нь шинээр сонгогдсон. Ж.Уртнасан даргатай хуралдаан нь Үндсэн хуулиа баталж, Ерөнхийлөгчид гардуулж өгсөн түүхтэй юм.

Тэр АИХ 440 гаруй депутаттай гэж байсан боловч үнэн хэрэг дээрээ хоёр ч тойрог дээр билүү нэр дэвшигч нь сонгогдож чадаагүй, бас хоёр гурван ч хүн нас барсан шүү. Үндсэн хуулийг батлахад хоёр хүн түдгэлзэж, нэг хүн татгалзаж, бусад нь батлав гэсэн дүн гарсан. Тэр түдгэлзсэн хоёр хүн нь О.Дашбалбар бид хоёр л доо.

-Та хоёр яагаад түдгэлзсэн юм бэ?

-Бид хоёр хоорондоо яриагүй л дээ. Би яагаад түдгэлзэв гэхээр надад төрийн сүлд огт таалагдаагүй. Би тэр талаар Үндсэн  хуулийн төсөл хэлэлцэж байхад олон удаа хэлж, ярьсан даа. Ийм сүлд хэрэггүй гэдгийг тайлбарлаж, хамгийн олон боссон хоёр депутат байдаг. Тэр нь Л.Түдэв гуай бид хоёр. Тэгээд тэр санаандаа үнэнч байсан учир эрхээ эдлээд түдгэлзсэн. Би дараа нь хэн бас над шиг түдгэлзсэн юм бол доо гэж ярьж байсан чинь Дашбалбар “Би түдгэлзсэн” гэж байх юм. “Чи яагаад түдгэлзсэн юм” гэсэн чинь “Миний санаанд хүрээгүй. Тийм мундаг болж чадаагүй” гэж байсан.

-Шинэ Үндсэн хуулийг батлагдах үед нь шүүмжилж л байсан. Одоо ч ялгаагүй?

-Гадны юмыг хуулсан гээд л янз бүрээр ярьдаг. Үнэндээ бол Үндсэн хуулийг маш сайн боловсруулсан. Үндсэн хуулийг баталсан АИХ маш өргөн төлөөлөлтэй байсан. 400 гаруй депутат гэдэг чинь бүх салбар, давхаргыг төлөөлж байсан. Мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүс маш олон байсан. Ихэнх нь нэгдлийн дарга, намын дарга нар байсан боловч ардчилсан хүчний төлөөлөл болсон депутатуудын нэлээд нь эрдэмтэд, бас шинэ цаг үеэ илүү ойлгосон, мэдэрсэн хүмүүс байсан. Тухайн үед социалист орнуудад ардчилал өрнөж, Үндсэн хуулиа шинэчлэхээр хэлэлцсэн ч дандаа баталж чадахгүй тарж байсан. Манайх харин баталсан даа. Улс орноо хөгжүүлэхийн тулд Үндсэн хуулиа шинэчлэх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдэж байсан. Тиймээс 70 гаруй хоног хуралдаж байгаад ч хамаагүй, зөвшилцсөөр байгаад баталсан. Би тийм мэргэжил, мэдлэгийн цараатай, олон хүрээг хамарсан бүрэлдэхүүнтэй парламент ахиад бий болоогүй гэж боддог. Нөгөө талаар байгуулж байгаа байгууллага, нийгмээ бол бүгдээрээ 100 хувь гүйцэд төсөөлж байсан уу гэвэл би “худлаа даа” гэж бодож байна. Дутуу ойлгож байсан, туршлагагүйдэж байсан зүйл бий. Тэр нь ч Үндсэн хууль хэрэгжээд эхлэхээр мэдэгдэж байсан. Нөгөө талаар олон намын тогтолцоо цаашид амьдрал дээр яаж явах юм гэдгийг төсөөлөөгүй. Ганц намтай үеийн социалист маягийн төсөөлөл их байсан. Амьдрал дээр тийм байдаггүй нь удахгүй мэдэгдсэн л дээ. Гол нь хүмүүс тэс өөр болчих юм гэж ер бодоогүй.

-Төрийн байгууллын хувьд УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институциудыг хуульчилсан. Ерөнхийлөгчийн институц бол засаглалын цоо шинэ хэлбэр байсан биз?

-Үндсэн хууль батлахаас өмнө Ерөнхийлөгч томилогдчихсон байсан. Ерөнхийлөгчгүй, парламентын засаглалтай болъё гэдэг хувилбар ч яригдаж л байсан. Ерөнхийлөгчтэй болчихоод хэдхэн сар болоод болих юм уу гэдэг яриа ч бас байсан. Тэгээд Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай төрийн тогтолцоотой болъё гэдэг хувилбар руу орсон. Б.Чимид гуай тэр санааг гаргаж, боловсруулсан. Үүнийг би депутатын хувьд их зүгээр хувилбар болчихлоо гэж бодож байсан. Юу гэхээр УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. УИХ улсаа хөгжүүлэх хөтөлбөрийг батална. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг батална. Тэрийг нь гардан гүйцэтгэх Засгийн газрыг мөн байгуулна. Ингэхээр УИХ төрөө бодлоготой нь, хэрэгжүүлэх засагтай нь байгуулчихаж байгаа юм. Ерөнхийлөгч гэж нэг институц гараад ирж байна. Ерөнхийлөгч улс орноо гадаадад төлөөлнө, төрийн бодлого, тогтоож байгаа хуульд давхар хяналт тавина. Шаардлагатай бол хориг тавина. Гэхдээ хориг тавина гэхээр зүгээр сууж байгаад хориг тавина гэсэн үг биш. Хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн аппарат оролцоод, улам сайжруулах талаас нь ажиллана. Ингэж ажиллаад байхад шаардлага хангахгүй гэдэг юм уу болж бүтэхгүй хууль батлагдах юм бол хуулиа сайжруулах асуудлыг тавина. Олон хүн бэлгэдлийн чанартай Ерөнхийлөгч байх хэрэг байна уу гэж байсан. Б.Чимид гуай “Та нарт би ойлгомжтой ярья. Аливаа хүрдэн араа, том том араанууд дунд маховик гээд жижиг араа байдаг даа. Тэр жижиг арааг дамжиж хоёр том араа эргэдэг нь тэр хоёрын хөдөлгөөнийг зөөлрүүлж, зохицуулж, эвдрэлийг нь багасгаж байгаа юм. Манай Ерөнхийлөгч тийм үүрэгтэй” гэж тайлбарлаж байсан. За, Засгийн газар бол УИХ хөтөлбөрийг нь, төсвийг нь баталчихсан юм чинь түүнийг нь л амьдрал дээр хэрэгжүүлнэ. Хууль тогтоох байгууллагад тэр нь огт хамаагүй. Хуулиа л тогтооно. Нийгмээс урган гарч буй асуудал юу байна, ямар эрх зүйн орчин хэрэгтэй байна. Тогтоосон хууль нь амьдралд нийцэж байна уу. Олон хууль батлахаар хоорондоо уялдаатай байна уу. Тэрийг л УИХ анхаарч ажиллах ёстой. Тиймээс гүйцэтгэх засаглалын ажилд оролцох ямар ч зав, цаг, боломж байхгүй. Оролцоно гэвэл зөвхөн хууль яаж хэрэгжиж байна вэ гэдэг талаас л байж болно. УИХ-ын гишүүн давхар ажил хийхгүй гэсэн үг. Хууль тогтоох дээд засаглал, гүйцэтгэх засаглал хоёрын харьцаа тэгж зохицуулагдсан.

Нөгөө нэг засаглал нь шүүх засаглал. Шүүх хэн нэгний нөлөөлөлгүй ажиллахаар хуульчилсан шүү дээ. Ер нь төрийн институцуудын  эрх мэдэл, эрхийн тэнцвэржилт, ажил үүргийн хуваарь, харилцан хяналт зэргийг нь маш сайн бодож хийсэн хууль байсан шүү дээ.

-Үндсэн хуульд шилжилтийн эдийн засгийн гол концепцийг тусгаж чадсан уу?

-Улс төрийн шинэчлэлтэйгээ зэрэгцүүлээд бид эдийн засгийн шинэчлэл хийж эхэлсэн. Эдийн засгийн шинэчлэл хийхтэй зэрэг өмч хувьчлал, хөрөнгө мөнгөтэй болох асуудал босоод ирсэн. Ингэхтэй зэрэг хүн л юм чинь мөнгө, хөрөнгө рүү тэмүүлэх хандлага гарсан. Өмчтэй, хөрөнгөтэй болох санаа нь хүнийг чирдэг юм байна л даа. Үүнд төрийн эрх мэдэл их мэдрэгддэг юм байна. Мөнгийг хэн барьж байна, зах зээлийг хэн барьж байна гэдэг нь чухал. Тиймээс намуудын дотор улсаа хөгжүүлэх хөтөлбөрөөрөө, эрдэм, чадалтай хүнээрээ уралдах биш УИХ-ыг эзэлж авах, засгийн эрхийг барих гэдэг томъёолол гараад ирдэг юм билээ. Одоо тэрийгээ шууд ярьдаг болчихлоо. Манай нам засгийн эрхийг авна, барина гэдэг юм руу тэмцээд, тэр нь хэн сонгогдож чадах вэ гэдэг юм руу орно. Хэн сонгогдож чадах вэ гэхээр мөнгөтэй хүн л чадна. Мөнгөтэй хүн чадна гэхээр мөнгөтэй хүн, чадвартай хүн хоёр нь давхацдаггүй. Мөнгөтэй хүн чадваргүй, чадвартай хүн ихэнхдээ мөнгөгүй. Ингээд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээр ч тэр, намууд олонх болохын тулд ч янз бүрийн улстөр хийдэг болсон тийм зам руу орсон доо. Тэгээд үр дүнг нь хар!

-Энэ бол жирийн иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахаа байсан гэсэн үг биз?

-Бидний Үндсэн хуулиар хийсэн гол шинэчлэл төрийн эрх мэдлийг ард түмнийхээ гарт өгсөн явдал. Урьд нь бол төрийн эрх мэдэл намд байсан. Гэтэл одоо Үндсэн хуулиараа төрийн эрх мэдэл ард түмний гарт байгаа гэх мөртлөө эрх мэдлийг нь нам авчихаад байгаа юм. Парламентад хэдэн нам байна. Тэд л бүхнийг шийднэ. Яаж сонгогдсоноо ярихгүй, аль хэзээ мартсан байна шүү дээ. Хуйвалдаад л байх нь тэр! УИХ-ын өнгөрсөн хугацаанд хийдэг ганц ажил Засгийн газраа унагах ажил болж хувирсан. Төрийн ажлыг намын бүлэг гэдэг юм дээр авсан. Тэгээд намуудын тохироо гэдэг юм үүсдэг, мафи, олигархи гэдэг юм бий болдог тэр хөрсөн дээр УИХ нь УИХ биш болдог. Нөгөө талд Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь дутагдаад ирэхээр, жишээ нь Ц.Элбэгдоржийн үед, өөрийнхөө эрх мэдлийг нэмээд, Үндсэн хуулийн бус аргаар юм уу, бусад хуульдаа тусгаар элдэв гаж үйлдлээ хийгээд эхэлсэн. Шүүхэд өөрийн хүнээ тавиад л гэх мэт.

Товчхондоо бол Үндсэн хуулийн чадамжийг өөрсдөө байхгүй болгосон. Тэгсэн мөртлөө юмыг эзэнгүйдүүлдэг. Хуулиас болоод, тогтолцооноос болоод, намаас болоод болохгүй байна гээд дандаа эзэн биегүй зүйл рүү буруугаа чихчихдэг болоод удлаа шүү дээ..

Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин.  2023.01.13 № 002 (24533)

Сэтгүүлч Г.Сонинбаяр

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.