Сангийн сайдын мэдээллийг сонсож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав

Сангийн сайдын мэдээллийг сонсож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.16) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гадаад өрийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад үнэт цаасны дахин санхүүжилт, өрийн зохицуулалт, гадаад зээлийн үр өгөөж, дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл, Засгийн газрын өрийн баталгаа, эрсдэлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонслоо.

 

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Бид одоо үүсээд байгаа 33.3 тэрбум ам.доллартой тэнцэх улсын нийт гадаад өр, түүний 24 хувь болох 8.1 тэрбум ам.долларыг бүрдүүлж буй Засгийн газрын гадаад өрийн менежментийн хувьд цаашид бодлого, институцийн хувьд ямар шинэчлэл хийх талаар тууштай, шийдэл бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх чухал мөч гэж харж байгаагаа онцолсон.

Түүнчлэн улсын нийт өрийн 64 хувь буюу 21.3 тэрбум доллар нь хувийн хэвшлийнх, харин үүний талаас илүү хувь нь Оюу толгойн өр байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт тулгуурласан жижиг эдийн засагтай манай улсын хувьд тухайн салбарт оруулсан доллар бүрийг хөрөнгө оруулагчид төслийн ирээдүйн ашгаас буцаан авах нөхцөлтэйгөөр өр болгож бичдэг бөгөөд эргэн төлөлт нь валютын нөөц, төсөв дээр дарамт учруулахгүйгээр тухайн компанийн хүрээнд төлөгдөж дуусах учиртай. Үүнд Засгийн газар ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй гэж байлаа.

 

Мөн тэрбээр, төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг нь Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2022 оны сүүлийн статистикаар 28.5 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 23.8 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Сүүлийн жилүүдэд баримталсан өрийн стратегиар өрийн хэмжээг хязгаарт нь хүртэл тулгаж зээллэг хийхээс татгалзаж, аль болох гадаад өр, тэр дундаа бондуудын үлдэгдлийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулах зарчмыг баримталсан бөгөөд 2016 он хүртэл төсвөөс гадуурх зарцуулалтаар үүссэн байсан барих-шилжүүлэх нөхцөлтэй концесс, векселийн өрүүдийг төлж барагдуулан, Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх чиглэлийг тууштай баримталж ажилласнаар 2017 онд 72.5 хувьтай байсан дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн харьцааг 2019 онд 55.6 хувь, 2022 онд 50.1 хувь болгож бууруулаад байна гэв.  

Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 8.1 тэрбум ам.доллартой тэнцэж байгаагаас 5.6 тэрбум ам.долларыг 1991 оноос хойш түнш орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авч ашигласан гадаад зээлийн хөрөнгийн үлдэгдэл эзэлж байгаа бөгөөд эдгээр зээлийг 2060 он хүртэл эргэн төлөх хуваарьтай байдаг. Харин үлдэх 2.4 тэрбум ам.доллар нь 2012 оноос эхлэн олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын гадаад бондын үлдэгдэл байгаа бөгөөд эдгээр арилжааны нөхцөлтэй бондыг 2031 он хүртэл төлж дуусгах хуваарьтай гэдгийг Сангийн сайд мэдээлэлдээ онцлов.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд Чингис бондыг гаргаснаар олон улсад Монгол Улсын Засгийн газрын гэсэн кодтой арилжааны үнэт цаасны шинэ түүх эхэлсэн. Уг 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг 5-10 жилийн хугацаатай, 4-5 хувийн хүүтэйгээр төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор арилжаалсныг сайд мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ Чингис бондын зарцуулалтын хувьд нийт эх үүсвэрийн 12.6 хувийг дотоодын арилжааны банкуудаар дамжуулан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ноос ноолуурын салбарын  зээлд, 24.0 хувийг  эрчим хүч, хүнд үйлдвэрлэл, барилгын салбарын томоохон төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд, үлдсэн 63.4 хувийн эх үүсвэрийг төсвийн шинж чанартай урт хугацаанд эдийн засгийн өгөөжөө өгдөг төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ. Эндээс харахад “Чингис” бондын зарцуулалт нь буцаад тус бондын эргэн төлөгдөх дунд хугацаанд импортыг орлож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд дорвитой дэмжлэг болоогүй гэдгийг тодотгож байлаа.

Мөн тэрбээр мэдээлэлдээ, Засгийн газрын гадаад бондын эргэн төлөлтийн хувьд бид өрийн зохицуулалт хийх бодлогыг 1-2 жилийн өмнө урьдчилан харж, гадаад валютын албан нөөц, төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын зах зээл дэх таатай цонх үеийг ашиглаж зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн үед Чингис бондын эргэн төлөлтөөр гадаад валютын нөөц 1.0 тэрбум ам.доллароор унах эрсдэлээс сэргийлж чадсан. Эдийн засгийн тодорхойгүй байдал ихтэй байгаа өнөө үед бид тулгаж биш урьтаж хөдөлсөн, эрсдэл судалгаанд суурилсан өрийн бодлогыг хэрэгжүүлэхээс аргагүйд хүрээд байна. Иймээс ч бид Засгийн газрын өрийн баталгаатай Хөгжлийн банкны 2023 оны 12 дугаар сард төлөгдөх 30 тэрбум иений Самурай бондыг төлөх валютыг тус банкны эргэн төлөлтийн хүрээнд үүссэн эх үүсвэрээс бүрдүүлж, Монголбанканд эргэн төлөгдөх хугацаанаас 1 жилийн өмнө Японы иенээр бүрэн байршуулаад байгааг мэдэгдэхэд таатай байгаагаа дурдахын зэрэгцээ  Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлтийг “Гэрэгэ”, “Номад”, “Сенчири” бондын эх үүсвэрээр өрийн дахин санхүүжилт хийж, 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлт үлдээд байсныг 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улс бүрэн төлж барагдууллаа гэв.  

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2012 онд төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой Чингис бонд гаргаж байсан бол төсвийн алдагдлыг нөхөх зорилготой  Димсам бондыг 2015 онд, Мазаалай бондыг 2016 онд, өрийн зохицуулалт хийх зорилготой Хуралдай, Гэрэгэ бондуудыг 2017 онд, Номад бондыг 2020 онд, Сенчири бондыг 2021 онд олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан. Сүүлийн 5 жилийн хугацаанд хийсэн Гэрэгэ, Номад болон Сенчири өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд ижил зээлжих зэрэглэлтэй улсуудаас хамгийн бага түвшний хүүтэйгээр өмнөх бондуудыг мэргэжлийн өндөр түвшинд дахин санхүүжүүлж чадсан нь “Finance Asia”-ын “Азийн шилдэг хөрөнгө оруулалт босгосон орон” шагнал болон бусад Олон улсын хэд хэдэн санхүүгийн салбарын шагналыг авсан гэж байлаа.

Сайд мэдээлэлдээ, Засгийн газар 1991 оноос хойш нийт 326 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 7.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гадаад зээлийн хөрөнгийг авч ашигласан бөгөөд үүнээс 290 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 5.1 тэрбум доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг төслийн зээлд зарцуулсан бол төсвийн алдагдал санхүүжүүлэх буюу төсвийн дэмжлэгийн зориулалтаар 2.6 тэрбум доллартой тэнцэх 36 хөтөлбөрийн зээлийн хөрөнгийг авч ашигласан гэдгийг дурдаад эдгээр зээлүүдийг нөхцөлөөр нь ангилбал Монгол Улсын Засгийн газар нь 30-40 жилийн хугацаатай 0-2 хувийн хүүтэй 168, 15-30 жилийн хугацаатай 1-5 хувийн хүүтэй 131, 15-аас доош жилийн хугацаатай 0-10 хувийн хүүтэй 27 зээлийг авч ашигласан. Энэ нь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр авч ашигласан зээлийн ихэнх хувийг хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээл эзэлж байгааг харуулж байгааг онцолсон.

Мөн нийт 290 төслийн зээлийн 3.2 тэрбум долларыг нийгмийн шинж чанартай, эргэн төлөгдөх нөхцөлгүй 169 төсөлд, харин 1.9 тэрбум доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгийн үр өгөөжтэй, дотоодод дамжуулан зээлдүүлэх 121 төсөлд тус  тус зарцуулсан. Дээрх төслийн зээлийн 5.1 тэрбум долларын ашиглалтын 66 хувь буюу 3.4 тэрбум доллар нь биет хөрөнгө барилга, тоног төхөөрөмж болж үлдсэн бол  34 хувь нь зөвлөх үйлчилгээ, үйл ажиллагааны болон магадалшгүй ажлын зардал, шимтгэл зэрэгт зарцуулагдсан байна. Эдгээр төслүүдийн 45 хувийг дэд бүтэц, агаарын тээвэр, боомт, төмөр зам, авто зам, орон сууц, инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалт эзэлж байгаа бол эдийн засаг 14, эрчим хүч 12, эрүүл мэнд 8, хөдөө аж ахуй, уул уурхай, нийгмийн хамгааллын салбарууд 5, боловсрол 4, харилцаа холбооны салбар 3 хувийг тус тус бүрдүүлдэг гэж байлаа.

Мөн цаашид гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглахдаа Засгийн газрын өрийн 2023-2025 оны стратегийн хүрээнд Эдийн засгийн бодит өсөлт болон экспортын орлогыг нэмэгдүүлэхгүй, гадаад улс орны худалдан авалтын дэмжих замаар импортыг өсгөж, төлбөрийн тэнцэлд дарамт учруулах нөлөө бүхий эх үүсвэрээс татгалзаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн, бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах бодлогыг баримталж ажиллана гэв.

2015 оны 02 дугаар сард Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлагыг өндөр болгож баталгаа гаргуулж буй байгууллага нь сүүлийн 3 жил ашигтай ажилласан, хугацаа хэтэрсэн өргүй, зээлдүүлэгч талтай хамааралгүй, хэрэгжүүлэх төслийн бэлтгэл ажил хангагдсан, баталгаат зээлийг эргэн төлөх чадвартай байх шаардлагыг тавьж эхэлсэн.  

Түүнчлэн баталгаа гаргуулах төсөл, хөтөлбөрүүдэд эргэн төлөх чадвартай холбоотой эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд өндөр эрсдэлтэй байгууллагуудад Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг болих болсон байдаг. Тус шаардлагуудаас шалтгаалан 2015 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээлд гаргасан үнэт цаас, “Эрдэнэс Монгол” ХК-ийн Азийн Хөгжлийн банкнаас авсан зээл зэрэг 2 төсөлд баталгаа гаргасан. Засгийн газрын өрийн баталгааг гаргахдаа Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичигт тусгасны дагуу Монгол Улсын стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, хувийн хэвшлийн компаниудад дэмжлэг үзүүлэх байдлаар эдийн засгийн урт хугацааны зорилтыг хангах бодлогыг баримталж ажиллана гэдгийг Б.Жавхлан сайд мэдээлэлдээ дурдсан.

Мөн тэрбээр,  2013 оноос эхлэн 2017 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй барих-шилжүүлэх концессын 90 төслийн нийт 2.4 их наяд төгрөгтэй тэнцэх гэрээг хийж, өмнөх онд хийгдсэн ажлын төлбөрийг төсвөөс авч чадаагүй үлдэгдэл төлбөрт 8 хувиас 16 хувийн хүүтэй векселийг 2015 оноос эхлэн бичиж эхэлсэн байдаг. Энэ нь тухайн онуудад хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж, төсөвт дарамт учруулж байсан тул 2017 оноос эхлэн шинээр тухайн гэрээнүүдийг байгуулахаа зогсоосноор векселийн өрийг бүрэн төлж барагдуулан, 2022 оны хагас жилийн байдлаар концессын өр 470 тэрбум төгрөг болгож буурууллаа. Төсөв, санхүүгийн сахилга батыг сахиагүйгээс үүдсэн төлбөрийн дарамтыг 2017 оноос төсвийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, мөн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж олон улсын түнш байгууллагуудаас төсвийн дэмжлэгийн зээл авч төлж байсан. Ингэснээр 2022 оны хагас жилийн байдлаар Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл 517.7 тэрбум төгрөгтэй тэнцэж, энэхүү дотоод үнэт цаасанд төлөх хүүгийн хэмжээ 2021 онд 118 тэрбум төгрөгт хүрч буурсан байдаг. Төлбөрийн дарамт хэрхэн буурсан тухай дэлгэрэнгүй дурдвал 2017 онд дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр 608.5 тэрбум төгрөг, нийт хүүгийн төлбөр төсвийн орлогын 14.5 хувьтай тэнцэж байсан бол 2019 оноос дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр буурч 2021 онд 118.6 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд нийт хүүгийн зардал төсвийн орлогын 6 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна гэж байлаа.  

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал танилцуулсан.

 

Тэрбээр санал, дүгнэлтдээ, Өнөөдөр Монгол Улсад эдийн засгийн хэд хэдэн хямрал нүүрлээд байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд Монгол  Улсын эдийн засаг ийм хүнд “шок”-нд орж байсангүй. Эдийн засгийн өсөлт нь зогсонги байдалд орж өндөр инфляц дагалдах хосолсон сөрөг үзүүлэлтийг стагфляц гэдэг. Манай улсын эдийн засаг стагфляцид нэрвэгдсэн төдийгүй нэмээд өрийн хямралд өртжээ. Ийм гурвалсан хямралыг даван туулах нэн хүнд гэдгийг онцлоод улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгааг мэдэгдлээ.

Үндэсний аудитын газраас 2018-2020 оны байдлаар шинээр олгосон болон үргэлжилж буй гадаад зээл, тусламжийн ашиглалтад аудит хийсэн. Аудит дүгнэлтдээ, “Засгийн газрын гадаад зээлийн хэмжээ 2018 онд өмнөх оноос 22.3, 2019 онд 14.3 , 2020 онд 28.9 хувиар тус тус өсжээ. Нийт авсан зээлийн 44 орчим хувь нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулжээ” гэж дүгнэсэн. Энэ байдал сүүлийн гурван жилд улам бүр даамжирлаа. 2020 оны төсвийн алдагдал 4.5 их наяд, 2021 оных 3.7 их наяд төгрөгт хүрч, 2022 онд 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв жил батлагдсан гэдгийг Н.Ганибал гишүүн санал, дүгнэлтдээ онцлоод манай улсын гадаад өрийн удирдлагыг сайжруулахад одоогийн хууль, журам, стратегийг нэн даруй өөрчлөх шаардлагатай. Тодруулбал, гадаад зээлийг цаашид экспортыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнд ашиглах хэрэгтэй. Түүнчлэн гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь өөрийн үйл ажиллагаа, орлого, ашгаараа зээлийн төлбөрөө гүйцэтгэх чадвартай нөхцөлд гаднаас зээлийн эх үүсвэр татах хатуу зарчмыг хуульчлах, хэрэглээ болон халамжийг зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хориглох эрх зүйн орчин хэрэгтэй байгааг онцлов.

Мөн тэрбээр, “Гадаад өрийн асуудал” улс төржиж сонгуулийн санал цуглуулдаг хэрэгсэл огт биш. Харин төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах улс орны хөгжил дэвшлийн бодлогын нэн чухал асуудал гэдгийг анхааруулж байсан.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж,  О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ц.Туваан нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултаар үргэлжлэв.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл нар "D-Parliament" цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа.

 

Иргэдийн зүгээс Монгол Улсын  33.3 тэрбум ам.доллартой тэнцэх нийт гадаад өрийн  зарцуулалт, зээлийн эргэн төлөлт болон нэг хүнд ногдох өрийн хэмжээний талаар илүүтэй хөндөж лавласан байв.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Монгол Улсын гадаад өрийн талаарх мэдээлэл Монголбанк, Сангийн яамны веб сайтад дэлгэрэнгүй байдгийг дурдаад улсын нийт өрийг нэг хүнд ногдох байдлаар илэрхийлэх нь эдийн засгийн агуулга муутай үзүүлэлт гэдгийг онцлов. Тэрбээр, Монгол Улсын нийт гадаад өрийг шууд утгаар нь  3 сая хүндээ хуваавал хүн бүрд 10 мянган ам.доллар буюу 34 сая төгрөг ногдоно гэж ярьж болно. Ингэх нь их амархан. Өндөр хөгжилтэй зарим улсуудын өрийг авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6 сая ам.доллар, Сингапурын нэг иргэнд 240 мянган ам.доллар,  АНУ-ын нэг иргэнд 70 мянган ам.долларын өр ногдох жишээтэй. Гэхдээ хамгийн гол үзүүлэлт нь зээлийн ашиглалт, зээлээр бий болгосон дараагийн өрийг төлөх, эдийн засгийг сөрж гарах баялгийг бий болгосон уу үгүй гэдэгт байдаг. Тэр баялгийг өртэй холбохоор төлбөрийн тэнцэл, алдагдалгүй төсөв, Төвбанкны валютын нөөц зэрэг үзүүлэлттэйгээ харьцуулах нь хамгийн чухал гэдгийг тодотгож байлаа.

            Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг хийсэн тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, хуралдаан даргалагчийн зүгээс төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын  40.3. дахь хэсгийг өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгөв. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 41.1 дэх хэсгийг “41.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хууль болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага мөн. 41.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагч нь төрийн тусгай албан хаагч байна.” гэж өөрчлөн найруулж, 41.1, 41.2 дахь хэсэг болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 дэмжсэн.

Ингээд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулсныг тодотгоод нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг тодотгов.  

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлав

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дүгээр 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг тус тус явуулсан.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

 

 

Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 19 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг онцлоод Байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 1, 2 дахь хэсгийг нэгтгэн “1.Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”гэж өөрчлөн найруулж, 3 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.1 нь дэмжлээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалтын 1 дэх хэсгийн “хууль ёсны болох нь” гэснийг “үндэслэлгүй болох нь” гэж өөрчилж, төсөлд “Тайлбар.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэсэн агуулгатай тайлбар нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.  

Хууль зүйн байнгын хороо энэ өдөр дахин хуралдаж хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан тул чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын  гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувь нь дэмжсэн болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахп/йгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг тодотгов.

 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж,  Х.Нямбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа  хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  дэмжлээ.

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.