Д.Нанжаа, Б.Жигжид нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Д.Нанжаа, Б.Жигжид нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, улс орон, ард иргэдийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах үйлсэд хичээл зүтгэл, гарамгай амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
  • Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил ажиллахдаа Говь-Алтай аймгийн Алтай-Бигэр, Хөвсгөл аймгийн Мөрөн-Алаг-Эрдэнэ-Хатгал, Сүхбаатар аймгийн Халзан-Онгон-Дарьганга, Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Ногооннуур, Дундговь аймгийн Мандалговь, Улаанбаатар хотын Гачууртын зэрэг 30 гаруй дэд станц, трансформаторын өртөө байгуулахад идэвх санаачлагатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлсэн. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 Кв-ын агаарын шугамуудын хэрэгсэл зохион бүтээж суурьшуулсан, олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулан барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөд оролцож, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Эрчим төсөл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дашзэвэгийн Нанжаа;
  • Ээлжийн диспетчерээс ажлын гараагаа эхэлж, салбарын сайд хүртэл дэвшин, дэд бүтцийн салбарт 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн систем”, “Монголын холбоо, мэдээллийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, “100 мянган нарны гэрэл” зэрэг богино, дунд, урт хугацааны томоохон төсөл, хөтөлбөр санаачлан, удирдан хэрэгжүүлж, Тайшир, Дөргөний усан цахилгаан станц байгуулах, баруун бүсийг эрчим хүчний төвлөрсөн системд холбох, малчид, алслагдсан газарт ажиллаж амьдарч байгаа иргэдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төв суурин газруудыг автозамаар холбох ажлыг амжилттай удирдан эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үед үндэсний автозамын сүлжээг өргөжүүлэх ажлыг санаачлан эхлүүлсэн, 21 аймгийг холбосон холбоо мэдээллийн хурдны сүлжээ бий болгож, орон нутагт телевиз, ФМ радиогийн олон суваг, үүрэн холбооны сүлжээ барьж байгуулах ажлыг зохион байгуулсан, Нийслэлийн цэвэр усны найдвартай эх үүсвэр бий болгох, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай зэрэг аймагт төвлөрсөн усан хангамж, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Бямбын Жигжид нарт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор тус тус шагналаа. 
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн физикийн зөвлөх багш Балжиннямын Доржсүрэн;
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх Санжжавын Ишцэдэн;
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн зөвлөх, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Балдангийн Пүрэвтогтох;
  • Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, профессор Хаянхярваагийн Сэлэнгэ; 
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Суман гүн трейд” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, зөвлөх Нүрдэвийн Дашхүү;
  • Уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Рэнцэнгийн Сундуй;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
  • “Уран тогоо” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, зөвлөх инженер Дагвадоржийн Банзрагч;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • “Ананд-Хужирт” рашаан сувиллын их эмч Магваны Батжаргал;
ГАВЬЯАТ АГРАНОМИЧ ЦОЛООР:
  • Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ядамсүрэнгийн Мягмарсүрэн;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • “Нүхт тур” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нацагийн Одсүрэн;
  • “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга Иваны Жаргалсайхан;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Өдрийн сонины ахмад сэтгүүлч, зохиолч Банзрагчийн Цогзаяабаатар;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
  • Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга асан, Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хошууч генерал Галсансанзайн Махбариад;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын ахмад настан, механикжуулагч Баатарын Бат-Эрдэнэ;
  • “Эрдмин” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Зэс утасны үйлдвэрийн дарга Сорогжоогийн Төвсанаа;
  • “UBS” телевизийн программын албаны дарга Мөнхтөрийн Энхтуяа;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • “Цахилгаан тээвэр” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ахмад ажилтан Намхайн Энхтуяа;
  • Гэрлэх ёслолын ордны зохион байгуулагч, сургалтын багш Магсарын Пүрэвсүрэн;
  • “Хустайн цогцолборт газар” төвийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Цэндээсүрэнгийн Санжмятав;
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга Сэрээтэрийн Урантөгс;
  • “Монцемент билдинг материалс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Цэрэнпилийн Халиун;
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Пүрэвсүрэнгийн Содномгэлэг;
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Анжаагийн Буянжаргал;
  • “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсгийн дарга Халзангийн Болд;
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн хяналтын инженер Намсрайн Ариунаа;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн дамжуулах сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээний албаны ахлах инженер Аахүүгийн Бүрэнболд;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн бага ангийн багш Намсрайн Алтанхундага;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш Сүхбаатарын Хаш-Эрдэнэ нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.