С.Бямбацогт: Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг үйлдэх зөвшөөрөл олгоно

С.Бямбацогт: Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг үйлдэх зөвшөөрөл олгоно

Mongolian Airways компанид Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг үйлдэх зөвшөөрлийг ойрын хугацаанд олгоно гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээллээ.

Ерөнхий сайд Германд хийж буй айлчлалын үеэр Берлинд амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Иргэдийн зүгээс Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг үйлдэх асуудлыг хөндөж, тус нислэгийг сэргээх саналыг тавьж байв.

1995-2019 он хүртэл МИАТ компани тус чиглэлд нислэг үйлдэж байсан хэдий ч алдагдалтай байсны улмаас зогсоожээ. Тэгвэл Mongolian Airways компани Улаанбаатар-Берлин чиглэлд нислэг үйлдэх хүсэлт тавьж байгаа аж.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Судлаад үзэхэд МИАТ Москва-Берлин гэсэн чиглэлд нислэг үйлддэг байсан. Үндсэндээ Улаанбаатар-Москвагийн чиглэлд оросуудыг тээвэрлэж, дамжин Берлин нисдэг байж. Тухайн үед харьцангуй сайн орлоготой ажиллаж байсан. Харин шууд Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхэд алдагдалтай байсан. Ийм учраас МИАТ компани энэ чиглэлд нисэх бололцоо бага байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ бид Улаанбаатар-Берлин-Франкфурт чиглэлийн нислэг үйлдэх боломж хэр вэ, хэрхэн үр ашигтай нисэх вэ, Германд амьдарч буй  иргэдийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалж үзнэ.

Mongolian Airways компани Улаанбаатар-Берлиний чиглэлд нислэг үйлдэх хүсэлт тавьж байгаа. Нислэгийн томилгоо буюу Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг шийдэх үүргийг би хүлээж байна. Энэ зөвшөөрлийг ойрын хугацаанд олгоё гэж бодож байгаа. Mongolian Airways компанийг Улаанбаатар-Берлин чиглэлд нислэг үйлдэх тал дээр дэмжин ажиллана. Гэхдээ тус компани хэзээ нисэж эхлэх нь зөвшөөрлөөс үл хамааран тухайн компанийн асуудал" гэлээ.

Монгол Улсын иргэдийг олон чиглэлд хямд өртөгөөр нисэх ая тухтай боломжийг олгохоор салбарын яамнаас зорьж байгаа аж. Энэ хүрээнд гадны иргэний агаарын тээврийн компаниудтай аялалын дугаар хувааж эзэмших эрх үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэллээ. Тодруулбал МИАТ компанийн тасалбарыг гадны агаарын тээврийн компани бичих, МИАТ гадаадын томоохон компаниудын тасалбарыг бичих боломж үүсэх юм. Энэ хүрээнд Турк, Япон, Германы иргэний агаарын тээврийн компаниудтай гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа аж. Ингэснээр монголчууд гадагшаа хүссэн улс руу нислэг хийх боломж нь бүрдэж, онгоцны тасалбарыг үнийг бууруулах ач холбогдолтой гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.