Б.Батцэцэг: Эмэгтэй улстөрчид бол “мөс зүсэж” яваа хүмүүс

Б.Батцэцэг: Эмэгтэй улстөрчид бол “мөс зүсэж” яваа хүмүүс

Архангай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-Архангай аймгийн ИТХ-д 23 хувь нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.  Энэ нь жендэрийн хувьд хэр оновчтой бүрэлдэхүүн бэ?

-Иргэдийн хурал маань Улс төрийн намын тухай хуульд заасан квотдоо хүрсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  Тус хуульд ИТХ-д нэр дэвшигчийн 20-иос дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.  Намаас  нэр дэвшүүлэхдээ ч энэ заалтыг  баримталсан. ИТХ 39 төлөөлөгчтэй.  Түүнээс есөн эмэгтэй сонгогдон ажиллаж байна.

-Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд санал санаачлагаа тусгаж чадаж байна уу?

-Төлөөлөгч бүр өөрийн гэсэн мөрийн хөтөлбөртэй. Түүнийхээ дагуу ажилладаг. Түүнээс биш эмэгтэй төлөөлөгчид хамтарч эхлүүлсэн ажил одоогоор манайд алга. Есөн төлөөлөгчийн дөрөв нь МАН, таван АН-ын хүмүүс байна. Тэгэхээр намын бодлого чиглэлээ ч баримтлан ажиллана. Ер нь эмэгтэй хүн улс төрийн албан тушаалд нэр дэвшихэд нэлээд хүндрэлтэй.  Зарим тохиолдолд өөрийн хүсэл сонирхлоор биш квотын дагуу орж ажиллах нь ч бий. Нэр дэвшихээр  төсөв санхүүгээс эхлээд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гээд асуудал их.  Ар гэрийн ажлаа ч хэрхэн зохицуулах уу.  Эмэгтэй улстөрчдийн хувьд эрэгтэй хүмүүстэй яг нэгэн зэрэг гараанаас гарч, мөр зэрэгцэн ажиллахад маш их зориг, тэвчээр шаарддаг даа.

-Таны хувь аль тойргоос нэр дэвшиж сонгогдсон бэ.  Мөрийн хөтөлбөрөө хэрхэн тодорхойлж байв?

-Би Хашаат сумаас аймгийнхаа иргэдийн хуралд дөрвөн удаа сонгогдсон. Тэнд төрж өссөн, Хашаатын унаган иргэн. Нэгдүгээрт, нутаг орондоо ажиллаж амьдарч байсан учраас танигдсан.  Хоёрдугаарт,  Хашаатад Засаг дарга болон бусад төрийн албанд нь ажиллаж байхдаа тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байлаа.   Иргэндээ хүрч үйлчилж, зөв бодлого хэрэгжүүлж байсныхаа хүчинд аймгийнхаа иргэдийн төлөөлөгчийн хуралд дөрөв дэх удаагаа сонгогдсон гэж боддог. Мөн улс төрийн ажил хатуу ширүүн ч гэсэн эмэгтэй хүн гэж хойш суусангүй өдийг хүрсэн.  Орон нутгийн улс төр их өөр л дөө.  Хамгийн энгийн жишээ гэхэд нэр дэвшигчийнхээ ээж аав удам угшилыг нь хүн бүхэн мэддэг. Тэгэхээр орон нутгийн сонгогчид сонголтоо маш олон талаас нь бодож хийнэ.  Миний хувьд сонгогдсон тойргийн маань асуудал ямагт нэгдүгээрт байж ирсэн.  Дараагийн асуудал нь аймгийнхаа бодлого шийдвэрийг тодорхойлж байна. Тийм учраас аливаа асуудалд явцуу байдлаар ханддаггүй.   Хашаат сумандаа 75 хүүхдийн дотуур байр, спорт заал, эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд нэлээд идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн.  Мөн сумандаа Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн бодлогод иргэдийн саналыг тусгахад нэлээд дэвшилттэй арга барилаар ажилласан байсан.

-Эмэгтэй улстөрчдийг  хүлээж авах хандлага орон нутагт ямар байдаг вэ?

-Манай монголчуудын эмэгтэйчүүдтэй холбоотой уламжлалт сэтгэхүй эвдэгдэх хүртлээ нэлээд цаг хугацааг туулах байх. Тэгэхээр одоо цагт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг мөс зүсэж яваа хүмүүс гэх юм уу даа.  Тухайлбал, эрэгтэй дарга нар малчин айлд ороод шууд л хойморьт очоод суучихаж болж байна.  Харин эмэгтэй хүн ёс зүйн хувьд хэзээ ч тэгэхгүй. Мөн бид морь мал уяад л яваад байж чадахгүй юм.  Энэ мэтчилэн хүйсийн ялгамжтай байдал маш их нөлөөлж байна.  Монголчуудын энэ хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд нэлээд цаг хугацаа шаардах байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.