Хан Хөхий уулын тэнгэрийг тайх ёслол болов

Хан Хөхий уулын тэнгэрийг тайх ёслол болов

Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өчигдөр боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж уншиж сонордууллаа.

Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав. Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан зохируулж, жам ёсыг ухааран сэнхэрч ирсний яруу тод нэгэн илрэл нь уулын тэнгэрийг тайх ёслол гэдгийг хэллээ. Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай энэхүү зан үйл нь монголчуудын түүх соёл, итгэл бишрэлийн цогцолбор гэдгийг онцлов. Тийм ч учраас өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт өв – уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгааг тэмдэглэв.

Үүний дараан Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хан Хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Увс аймгийн музейд хадгалуулахаар өгөв.

Ерөнхийлөгчийн 2007 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Хан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгосон. Үүнээс хойш 2008, 2012, 2017 онд тус тус Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг зохион байгуулсан юм.

Увс аймгийн нутагт орших Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан дуулга нь далайн түвшнээс дээш 2928 метр өндөртэй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.