Б.Болор-Эрдэнэ: Мэдээллийн аюулгүй байдлын асуудал бол зөвхөн системийн асуудал биш

Б.Болор-Эрдэнэ: Мэдээллийн аюулгүй байдлын асуудал бол зөвхөн системийн асуудал биш

"E-Mongolia" системд нэмэгдэж орж буй төрийн үйлчилгээнүүдийн талаар өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Б.Болор-Эрдэнэ "Нийтийн мэдээллийн тухай хуульд иргэнээс мэдээлэл шаардаж, бичиг авч ир гэсэн төрийн албан хаагч өөрөө хариуцлага хүлээхээр тусгасан. Мөн ил байдаггүй 67 төрлийн мэдээллийг тус хуулиар ил болгож байгаа. Жишээлбэл, улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал их далд байдаг. Түүнчлэн төрийн байгууллагын хүний нөөцийн асуудал байна. Үүнийг дарга нь зарлахаас нааш ил болдоггүй. Энэ мэтчилэн олон мэдээлэл ил болж байгаагаараа онцлогтой. Харин Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн тухайд ардчилсан нийгэмд иргэн өөрийнхөө мэдээллийг хянах, эрхээ эдлэх гол хууль гэж үзэж байна. Монгол Улсын иргэний дата руу хэн нэгэн зөвшөөрөлгүй халдсан, ялангуяа төрийн албан хаагч тэр иргэний датаг үзсэн бол E-Mongolia-гаар мэдэгдэнэ. Тэгээд энэ хүн миний датаг үзэх эрхгүй гэж үзвэл E-Mongolia дээр гомдол гаргах боломжтой юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хөгжүүлэлтүүд ашиглалтад орно. Мөн иргэн бүр цахим гарын үсэгтэй болно. Ингэснээр зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлийн финтек салбарууд, технологи ашиглаж гэрээ хэлэлцээр хийдэг салбарууд маш хурдтай хөгжих боломжтой. Ирэх долоо хоногт Кибер аюулгүй байдлын хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хууль 15, 16 жил яригдсан ч батлагдаагүй. Батлагдаж чадаагүйгээс болоод манайд мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоо бий болоогүй. Хууль батлагдсанаар иргэний мэдээллийн аюулгүй байдал, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах функцууд нэмэгдэнэ. Мэдээлийн аюулгүй байдлын асуудал бол зөвхөн системийн асуудал биш. Иргэдэд чиглэсэн боловсрол, соён гэгээрлийн ажлууд хийгдэх шаардлагатай байдаг" гэсэн юм. 

Харин Эрүүл мэндийн С.Энхболд "Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, цахим засаглал болон авлигагүй сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тус зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia аппликейшнд эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэмж байгаа. Энэ үйлчилгээнүүд 12 сарын нэгнээс хэрэгжээд эхэлсэн. Эхний ээлжид ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ хамрагдсан" гэж мэдээллээ. 

Нэмэгдэж буй үйлчилгээ:

  • Эмнэлэгт цаг авах
  • Шинжилгээний хариу харах / ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол/
  • Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах
  • Вакцины гэрчилгээ
  • Эмнэлгийн магадалгаа
  • Эрүүл мэндийн даатгалын лавлагаа /2016 оноос хойш бөгөөд ЭМД-ыг бүрэн төлсөн байх/
  • Дархлаажсан тухай QR батламж олгох үйлчилгээг эхний ээлжид нэмжээ.

Дараагийн удаад жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг ХНХЯ-тай хамтран оруулахад бэлэн болсон байна. Нэгдүгээр сарын 1-нээс “Цахим эрүүл мэнд 2” төслийг эрчимжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн хооронд өгөгдөл солилцох, нэгдсэн платформ угсрах бэлтгэл ажлуудыг бэлэн болгосон гэлээ. 

Мөн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг цахимжуулсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 150 гаруй үйлчилгээг үзүүлдэг. Гадаад болон Монгол Улсын иргэн болох, гэрлэлтийн бүртгэлээс бусад бүртгэл, лавлагаа үйлчилгээг цахим болгохоор ажиллаж байна. Гадаад паспортын лавлагаа буюу гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан 2400 орчим иргэн аваад байгаа. Иргэний бүртгэлтэй холбоотой есөн төрлийн 19 үйлчилгээг цахимжуулснаар иргэд нийтдээ 200 гаруй сая төгрөг хэмнэсэн. Хуулийн этгээдтэй холбоотой үйлчилгээнээс онцолж танилцуулбал, гэрчилгээг цахимаар авах нөхцөл бүрдсэн. Заавал үнэт цаасан дээр хэвлэхгүй, цахимаар гэрчилгээгээ авч болно. Мөн ААН-ийн оноосон нэр авах үйл ажиллагаа олон шат дамжлагатай байсныг цахимаар нэг удаагийн хандалтаар авах боломж бүрдсэн. Улсын бүртгэлийн байгууллагын нийтдээ 1.1 гаруй лавлагаа, бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжин олгоод байна. Цахимд шилжсэнээр иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэгдсэн гэх тооцоолол хийсэн. Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны тавдугаар сараас бүх нэгжээрээ дамжуулж хийнэ. Тоон гарын үсэг нь цахим орчинд иргэнийг таних хэрэгсэл болно. Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгоно. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор 5.8 тэрбум төгрөг төсөвт суусан" хэмээн ярилаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.