Х.Нямбаатар: Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах шаардлага тавьсан

Х.Нямбаатар: Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах шаардлага тавьсан

"Та бидний эвсэл"-ээс УИХ-д сонгогдсон С.Ганбаатар гишүүн Оюутолгойн асуудалтай холбогдуулан өчигдрөөс Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр "Алдсан Оюутолгойгоо буцааж авах алтан боломж ирлээ. "Рио Тинто" компани манай улстай гэрээ байгуулахдаа луйварын арга хэрэглэж, албан тушаалтнуудад нь авлигал өгсөн гэдэг нь олон улсын шүүх дээр баримтаар нотлогдож байна. Одоо харин Монголын ард түмнийг төлөөлж Ерөнхий сайд олон улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Гэвч үүнийгээ хийж чадахгүй, барьцаанд байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байна. Шинээр томилогдох гэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэдгээ мэдэгдэх хүртэл өлсгөлөн зарлах болно. Монголчууд 2051 он хүртэл ямар ч ашиг хүртэхгүй, 22 тэрбум төгрөгийн өрөнд орно гэж биднээр дайжигнаж байна" гэсэн юм. Түүний суулт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонготой хамт сая Сүхбаатарын талбайд ирж УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа. Сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар "Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бодох ёстой гэдгийг удирдлагуудаас хэлүүллээ.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх яриа хэлэлцээ хийх ажлын хэсгийг хуралдуулж тодорхой үр дүнд хүрч байгаа. Засгийн газар хэдэн шаардлага тавьж байгаа. Тухайлбал, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах шаардлага тавьсан. Мөн 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэсэн шаардлага тавьсан. Бид өөрчилнө гэж олон жил ярьсан. Харин одоо сайжруулах биш бүр мөсөн өөрчлөх шаардлага тавьж байгаа. Хамгийн сүүлд энэ сарын 18-нд хөрөнгө оруулагчидтай цахим хурал хийсэн. Энэ үеэр манай талаас тавьж байгаа саналыг дэмжихгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн. Хөрөнгө оруулагчид үүн дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Ер нь бол Засгийн газар тантай адилхан байр суурьтай байгаа гэсэн үг. Тиймээс үүнй төлөө хамтдаа тэмцье гэдгийг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх дарга хэлүүллээ. Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд албан ёсоор томилогдоогүй байгаа учраас энд ирж таны шаардлагыг хүлээж авах нь зохимжгүй байна. Гэхдээ тантай нэг ижил байр суурьтай байгаа гэдгээ мөн илэрхийлсэн" гэлээ.

С.Ганбаатар гишүүн Засгийн газраас тавьж буй саналыг нь хүлээн авч ажлын хэсэгт орж ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.