Жолоочийн даатгалыг төрд авах асуудалд “цэг” тавилаа

Жолоочийн даатгалыг төрд авах асуудалд “цэг” тавилаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн зарцуулалттай холбоотой мэдээлэл өгчээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан.

Ирэх жилийн төсөв маш чухал ач холбогдолтой. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэх талд чиглэсэн төсөв болсон. Нэгдүгээрт, эдийн засгийг хэрхэн сэргээж, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн.

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах асуудалд УИХ, Засгийн газраас тодорхой зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй байгааг хэллээ. Гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр мөн УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэй. Эдийн засгийг сэргээх асуудлаар Засгийн газраас ирэх долоо хоногт тодорхой шийдвэрийн төслүүдийг УИХ-д өргөн барина.

Тухайн үед нь дахин ярилцахаар тогтсон” гэлээ.  Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан юм.

Хуулийн төсөлд тусгасан жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал шүүмжлэл, маргаан дагуулаад байгаа юм.

Тэгвэл энэ асуудлыг МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхи нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжээгүй гэнэ. Дэмжихгүй байгаа шалтгааныг бүлгийн дарга “Нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. Иймээс хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлэг хэлэлцлээ” гэв. Ингэснээр жолоочийн даатгалыг төрд авах заалт цаашид явахааргүй боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.16 МЯГМАР № 225 (6702)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.