Улаанбаатар oC

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нарт сургалт зохион байгуулж байна

 Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нарт сургалт зохион байгуулж байна

Тус яамнаас Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нарт зориулж жил бүр эрх зүйн чиглэлийн ээлжит сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэхүү сургалт өнөөдөр /2021.10.28/  Улаанбаатар хотноо эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Бид 2020-2024 онд хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг голлон анхаарч Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилт, арга хэмжээний биелэлтийг ханган ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд 2021 онд хэд хэдэн чухал хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан” гэдгийг онцлов.

Тэрээр үргэлжлүүлэн “Хувийн эрх зүйн чиглэлээр хийгдэх эрх зүйн шинэтгэл нь эдийн засгийг сэргээх, өсөлтийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих шинэтгэлийн суурь байх томоохон түлхэц өгөх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ. Мөн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах,  хуулийн тайлбарыг сайжруулах, энэ хүрээнд иргэний хэргийн шүүхийн шүүгч, хуульч, судлаачдыг үе шаттай мэргэшүүлэх, хувийн эрх зүйн мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хуулийн сургуулийн сургалт зэрэг сургалтын хөтөлбөрийг бүхэлд нь боловсронгуй болгохыг зорьж байна” хэмээгээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга нар тус сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа, хууль зүйн салбарт хийх шинэтгэлийн бодлого болон шинээр батлагдсан хууль тогтоомж, түүнийг дагаж гарах дүрэм, журмын талаар тодорхой мэдлэг олж авах юм. Энэ нь тус салбарт хийгдэж буй шинэчлэлийн бодлогыг орон нутагтаа сурталчлах, тайлбарлан таниулах, сургалт, мэдээлэл хийхэд чухал ач холбогдолтой.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2021 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон олон улсын чиг хандлагад нийцүүлэн шүүх эрх мэдлийн байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хууль, мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах үүднээс оюуны өмчийн багц хууль болох Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлуулаад байгаа юм.

Харин Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж Улсын Их хуралд өргөн мэдүүлээд байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.