Хил дээр гацсан 8.2 сая тонн нүүрсийг БНХАУ-ын талаас шуурхай татна

Хил дээр гацсан 8.2 сая тонн нүүрсийг БНХАУ-ын талаас шуурхай татна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Энэ үеэр олон чухал асуудал яригджээ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанддэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлсэн байна.

Улмаар Ерөнхий сайд нар зарим томоохон төслийн талаар санал солилцсон байна. Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах, энэ хүрээнд тухайлбал нүүрсний экспортыг жилдээ 50-60 сая тонноос доошгүй хэмжээнд хүргэх асуудлыг талууд ярьсан байна. Үүн дотор ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолцлын цэгийг баталгаажуулах, нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нүүрс тээвэрлэх чингэлэг тээврийн ногоон гарцын түр журмын асуудлыг хөнджээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын хил дээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан 8.2 сая тонн нүүрс гацаад байна. Тиймээс автотээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг хангахаас гадна чингэлэг тээврийн терминалыг ашиглаж эхлэх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод манай улсын 4575 чингэлэг саатаад байна. Тиймээс Монголын чиглэлд өдөртөө 2-3 галт тэрэг явуулж саатсан ачааг тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг манай тал хүссэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам. долларт хүргэх нь хамтын ажиллагааны салшгүй хэсэг гэдгийг онцолж бие биенийхээ давуу талыг ашиглан урагшлах нь зүйтэйг илэрхийлжээ. Улмаар цар тахлаас шалтгаалан тээврийн асуудалд хүндрэл үүссэн ч ногоон гарцаа ашиглан тээврийн эргэлтээ нэмж, орц гарцаа сайжруулах, хил дээр гацсан 8.2 сая тонн нүүрсийг шуурхай татах, Тяньжин боомтод саатсан Монголын ачааг яаралтай явуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаныхандаа даалгасан байна. Мөн шатахууны асуудал Хятадын талд бүрэн шийдэгдсэнийг уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд  Ли Көчян хэлжээ. Мөн цөлжилттэй тэмцэх манай бодлогыг сайшаан дэмжихээс гадна Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсэн байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.