Гурван лабораторид 611 хүнд шинжилгээ хийсэн

Гурван лабораторид 611 хүнд шинжилгээ хийсэн

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-ийн холбогдох эх сурвалжаас мэдээлэл өгч байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 3-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 611 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй. Үүнд БНСУ болон Франкфуртаас ирсэн иргэдийн давтан шинжилгээ хамаарч байгаа. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмч ажилчдын шинжилгээ хамаарч байгаа юм. Эдгэрч гараад сувилалд байгаа долоон иргэнээс коронавирус илрээгүй.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 230 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 63 хүн эмчлүүлж байна. Тэдний 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүн нь хүндэвтэр байгаа” гэв. 
Тэрээр үргэлжлүүлэн "Томуугийн тандалт жилийн турш хийдэг байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагад хандсан өвчтөнүүдээс шинжилгээ авдаг. Томуу болон томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирусийг илрүүлдэг. Сүүлийн долоо хоногуудад 50-60 хүнийг шинжилж байгаа. Шинжилгээнээс риновирус илэрч байсан. Риновирус бол шинэ вирус биш. Хүмүүсийн дунд риновирус байна л гэсэн үг" гэсэн юм. Улмаар цаг агаар сэрүүсэж байгаа учир иргэдийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжихийг зөвлөв.

Мөн энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт таван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 1221 иргэнийг тусгаарласан. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 16 мянган иргэн тусгаарлан ажиглах байранд хяналтад байлаа. Өнөөдрийн байдлаар 2677 иргэн тусгаарлах байранд байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.