Шинэ Ерөнхийлөгчийг юу хүлээж байна вэ?

Шинэ Ерөнхийлөгчийг юу хүлээж байна вэ?
Монголчууд зургаа дахь Ерөнхийлөгчөө сонголоо. Монголын түүхэнд хамгийн аядуу, элдэв хар сурталчилгаагүй, нууц бичлэггүй, мэтгэлцээнгүй сонгууль болов.
 
Нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг харуулдаг мэтгэлцээнийг хийгээгүй нь сонгогчдод амтгүй байлаа. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан дүнгээр 820.092 санал авч илүү түүхэн амжилт тогтоолоо. 
 
Энэ удаад сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жил төрийн тэргүүн байна.
 
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ковид-19 цар тахлаас үүдэн манай эдийн засаг 2020 оны 1 дүгээр улиралд 10.7 хувиар агшсан. Гэхдээ үүнээс хойш эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт гарч, энэ хандлага үргэлжилсээр байна” гэж мэдэгдсэн ч үнэндээ эдийн засаг маш хүнд байна. Аж ахуйн нэгжүүд шил дараалан дампуурлаа зарлаж, аргаа барахдаа цомхотгол хийсэн өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна. Хилийн цаана бараа бүтээгдэхүүн гацсан. Өдөртөө мянгаараа ковид19-ийн халдвар авч, түүний 6-7 нь хүндрэлийн улмаас нас барж, энэ өвчнөөр өөд бологсдын тоо 300-аас дээш өсч явна. Эмнэлгүүд халдварын голомт болжээ.
 
Ийм хүнд үед Монгол Улсын төрийн тэргүүнээр У.Хүрэлсүх сонгогдлоо.
 
Авлига, хүнд суртлыг таягдаж, иргэдийн нурууг тэнийлгэх, шүүх засаглалыг сайжруулж, шударга шүүхийн тогтолцоог бий болгохын төлөө хийж байснаа үргэлжлүүлнэ гээд  буй У.Хүрэлсүх ч “Яг үнэндээ өнөөдөр ард иргэдэд улс төрийн хэл ам, хэрүүл тэмцэл чухал биш.У.Хүрэлсүх, Х.Баттулга, Ардын нам, Ардчилсан нам ч сонин биш байна. Юу чухал вэ гэвэл энэ цар тахал, эдийн засгийн хямралыг хохирол багатай хэрхэн яаж давж гарах вэ, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ яаж ажилтай орлоготой байлгах вэ, хэвийн амьдралдаа яаж хурдан эргэн орох вэ гэдэг асуудал туйлын чухал байна” гэж намын даргын хувиар хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан.
 
МАН-ын өөрийн нэр хүндээр УИХ-д бүдүүн бүлэгтэй болгосон тэрээр одоо төрийн тэргүүний суудалд суулаа.
 
Одоо түүний зовлон жинхэнэ утгаар эхэлж байна. Өмнөх шигээ Ерөнхийлөгчид бурууг үүрүүлж, сөрөг хүчнийг гоочлоод “шоудах” боломжгүй. Бүх зүйл өөрийнх нь нуруун дээр буусан.  Хүссэн ч эс хүссэн ч тэр намаасаа хуулийн дагуу холдох ёстой. Тиймээс зарим талаар намынхаа эсрэг зогсоход хүрнэ.
 
МАН-ын дарга хэн болохоос хамаарч УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнд өөрчлөлт орох эсэх нь шийдэгдэнэ. Тиймээс МАН-д эрх мэдлийн төлөөх “дайн” хэзээний эхэлсэн гэсэн үг. Энэ “дайнд” хэн ялахаас шалтгаалж төрийн өндөрлөгүүдийн түнжин хамаарна. Эрх мэдэл, нөлөө ихтэй, хүчирхэг Ерөнхий сайдтай байхаар эцэг хуулиа өөрчилсөн болохоор дараагийн Ерөнхий сайдтай учраа ололцох хэрэг гарах нь дамжиггүй.
 
Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэр нээх ч гэлээ араас нь асуудлууд шил даган шийдлээ хүлээж байна. Ардчилсан намыг бондыг өр гэж шүүмжилж байсан Ардын нам засгийн эрхэнд гарахдаа адилхан өр тавьж, бонд босгосноор 27.9 их наяд төгрөгийн гадаад өртэй болсон энэ үед улс орныг авч явах ярвигтай сонголт түүнд ноогдож байна. \
 
Гүйцэтгэх засаглалын тэргүүний хийхээр ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан тэрээр түүнийгээ биелүүлэхэд амаргүй л байх болов уу?
 
Учир нь тэр намын даргын хувиар асуудлыг хүч түрж шийдэх боломжгүй болсон.   
 
Дээр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно гээд заачихсан. Ерөнхийлөгч бүх зүйлд хутгалдаад байдаг явдлыг хязгаарласан гэсэн үг.
 
Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Улсын их хурал хүчингүй болгодог хуультай болсон.
 
Хөл хорио, тусгаарлалт, хязгаарлалтууд нь коронавирустэй тэмцэх нэрийдлээр боловсруулсан улс төрийн зорилготой, улстөрийн найруулгатай, улстөрийн сэдэлтэй арга хэмжээнүүд энэ өвчнийг хумихад төдийлөн нөлөөлсөнгүй.
 
Ковид19-ийн үр дагавараас ч илүү том асуудал нь эдийн засгийн уналт болчихлоо.
 
Түүнийг төсвийн таагүй байдал, улс орнуудын ойлгомжгүй харилцаа хүлээж буй. Ганц таатай зүйл гэвэл МАН УИХ-д олонх байна. Гэхдээ намаасаа Ерөнхийлөгч болоод холддог нь жам билээ.
 
Одоо У.Хүрэлсүхийг намаас илүү том асуудал хүлээж байна. Хэн болж үлдэх вэ гэдэг нь өөрөөс гадна МАН-ын дараагийн удирдлагуудаас ихээхэн хамаарах болов уу.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.