СЕХ Ардчилсан намын шаардлага, албан хүсэлтийн хариуг хүргүүллээ

СЕХ Ардчилсан намын шаардлага, албан хүсэлтийн хариуг хүргүүллээ
Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намаас 2021 оны тавдугаар сарын 20, 21-нд ирүүлсэн шаардлага, албан хүсэлтийн хариуг хүргүүллээ.
 
Тус намаас ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт хандан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд хэрэглэсэн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх асуудлаар гомдол, мэдээлэл гаргасан эсэх, гаргасан бол хэрхэн шийдвэрлэсэн талаар Ардчилсан нам болон Сонгуулийн ерөнхий хороо, олон нийтэд мэдээлэл өгөх”-ийг хүссэн юм.
 
Нийслэлийн Прокурорын газраас “Гомдлын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулахад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн үндсэн серверт гаднаас хандалт, халдлага хийх, мэдээлэл өөрчлөх, устгах техникийн боломжгүй болох нь тогтоогдсон”, уг асуудалд холбогдох этгээдүүд бусдыг төөрөгдүүлж, бусдын эд хөрөнгийг авахыг завдсан үйлдлийн талаар олон нийтэд мэдээлсэн тухай хариуг ирүүлсэн.
 
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд санал тоолох төхөөрөмжийг хэрэглэх бэлтгэл ажлыг хийж, нээлттэй, ил тод байдлын зарчмыг баримталж, уг төхөөрөмжийн үйл ажиллагаа, эх код зэргийг шалгах, танилцах боломжийг хөндлөнгийн ажиглагч, төрийн бус байгууллагын төлөөлөл, сонгуульд оролцох нэр дэвшигчээ бүртгүүлсэн нам, эвслийн төлөөлөлд олгож, бүх талын оролцоог ханган ажиллаж байна. Санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг буюу тоолсон саналын үнэн, зөвийг нягтлан шалгах талаар хуульд заасан олон төрлийн боломжит арга, хэлбэрээр ажиглах, шалгах бүрэн боломжтой. Сонгууль зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгасны үндсэн дээр гомдол хүсэлтийг бодит баримтад тулгуурлан гаргах шаардлагатайг Ардчилсан намд хүргүүлсэн хариу бичигт дурдсан болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.