Орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажилыг эрчимжүүлнэ

Орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажилыг эрчимжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар орон нутаг руу вакцины түгээлтийг эрчимжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо.
 
Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж  байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.
 
21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.
Үүнд:
Архангайд 7,200 тун,
Говьсүмбэрт 4,000 тун,
Өмнөговьд 18,200 тун,
Орхонд 10,000 тун,
Төв аймагт  13,100 тун,
Булганд 14,441 тун,
Сүхбаатарт 8,000 тун,
Хэнтийд 7,200 тун,
Говь-Алтайд  12,800 тун,
Дундговьд  4,400 тун,
Өвөрхангай аймагт  22,000 тунг тус тус хүргүүлсэн.
Өнөөдөр нэмж:
Өмнөговьд 14,000 тун,
Сүхбаатарт 8,000 тун,
Ховд аймаг 13,000 тун,
Архангайд 10,000 тун,
Говьсүмбэрт 4,000 тун,  
Баянхонгорт 10,000 тун,
Хэнтийд 6,000 тун,
Дорноговьд 13,000 тун,
Төв аймагт 6,000 тун,
Дундговьд 5,000 тун,
Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэнэ. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн арга хэмжээнд оролцохдоо "Монгол Улсын Засгийн газрын эн тэргүүний зорилго нь иргэдээ вакцинжуулах бөгөөд боломжит хувилбаруудыг судалж, вакцинжуулалтыг идэвхжүүлж байна. Одоогоор зорилтот бүлгийнхээ 43%-ийг вакцины эхний тунд хамруулаад байна. Өнөөдрөөс орон нутагт вакцинжуулалтыг эхлүүлэх боломжтой боллоо. Хамгийн чухал нь орон нутагт хүйтэн хэлхээний бүрдүүлэлтийн асуудал амаргүй байгаа тул хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллавал тустай. Орон нутгийн иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Бид зургаадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ коронавируст халдварын эсрэг эхний тунгийн вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Ингэж чадвал долдугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунг хийх боломжтой болно. Вакцины нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад Засгийн газар хичээн ажиллана" гэлээ.
2021 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар орон нутагт вакцинд хамрагдах 18-аас дээш насны хүн амын тоо 1,114,234 байна. Эдгээр хүнээс  174,903 нь вакцины нэгдүгээр тун, 47,553 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.