300 мянгыг төрийн албан хаагч нар ч эсэргүүцэж байна

300 мянгыг төрийн албан хаагч нар ч эсэргүүцэж байна

Дуншиж, дуншиж байж бүрдсэн У. Хүрэлсүхийн Засгийн газар хол явахгүй  бололтой.   Үйл нь хазайна гэгчээр  нэг л болж өгөхгүй байна даа.  Засгийн газрын хүч чадал, авч буй арга хэмжээнийх нь үнэ цэнэ  ямар вэ  гэдгийг хоёрхон үйл явдал харууллаа. Эхнийх нь Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдын эрэн хайх үйл ажиллагааг газар дээр нь зохион байгуулах үүрэг хүлээсэн Ө.Энхтүвшин  ажлын хэсгийг удирдлагаар хангах ёстой атал Отгон суманд тухалж, өглөө оройд нисдэг тэргээр зөөлгөн, шатахуун гарздан  түвэг удаж байсан тухай мэдээлэл  цахим ертөнцөд шуугиан тарьж, У.Хүрэлсүх өөр шигээ Шадар сайдтай болох нь яав гэх ард түмний харуусал.  Хоёр дахь нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэж ядаж байгаа Засгийн газрыг нь 55 тэрбумын эрэлд хатаасан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарынх нь 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгох 300 мянган төгрөг. 

Энэ бүхэн эдийн засгийн хямралд  өвдөг сөгдсөн ард түмний сэтгэлийн зовнил дээр дарь болон дүрэлзэх нь тэр.  Үнэндээ Сангийн сайдын эл шийдвэр байгаа олж туссангүй болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг ч баталлаа. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр  илгээсэн  албан бичигтээ  “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын 2017 оны 58 дугаар тогтоолыг 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа гээд “Шинээр бүрэлдсэн Засгийн газар Монгол Улсын орших, хөгжихийн үндэс болдог эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч эмч, багш нарынхаа цалинг нэмэх, улмаар нийт төрийн албан хаагчдын цалинг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах ёстой. Харамсалтай нь Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох байдлаар тавин таван тэрбум төгрөг тараах санал гаргаж байна. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй. Өнөөдөр төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж хүсээгүй, сар бүр авдаг цалин орлогоо нэмэгдүүлэхийг хүсч  байгаа юм.

Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төрийн иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна” хэмээжээ.  Үнэндээ тийм юм.  Нэг удаагийн 300 мянган төгрөгөөр амьдралд юу шийдэгдэх юм. Байрны зээлтэй нэгний нэг удаагийн зээлэнд ч хүрэлцэхгүй мөнгө.  Яах вэ, гэртээ ажилгүй хүүхдээ хараад сууж байгаа гэргий тор барьж гараад байрныхаа мөнгийг эсвэл хүүхдийнхээ чивхийг, өвөл өмсөх гутал, хувцасны асуудлыг шийдэх л юм биз.

 Бас нэг хэсэг нь  эрээний бараагаар сольж орхино.  Шулуухан хэлэхэд, 55 тэрбум төгрөгийн чинь 30 тэрбум нь  наймаачдын халаасаар дамжин Эрээн рүү талийж одно.  Ингэж нэрийн хор болгож, 55 сая төгрөгийг салхинд хийсгэж байхын оронд өвлийн спортын ордон эсвэл эмнэлгийнх нь барилга хариугүй нурах дээрээ тулаад байгаа Архангай аймгийн Хашаат сумыг эмнэлэгтэй болгох тухай асуудлыг хөндсөн бол хэн хүний талархлыг хүлээх байсан биз. Энэ хоёр барилга нийлээд тэрбум төгрөг хүрэхгүй өртгөөр босч ч мэднэ. Эсвэл гаднаас валют олох үйлдвэр бариач дээ. Тэгвэл олон арван хүн ажлын байртай болоод зогсохгүй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр борлогдож тэр хэрээр улсын эдийн засаг сэргэх юм биш үү. 

 Ер нь бол 55 тэрбум төгрөг бага мөнгө биш. Үрэх гэвэл нэг л өдрийн дотор эд бадыг нь хийж болно. Харин  хэрэг болбол  дэлхийгээр хэсүүчилж, бадар бариад ч олж чадахгүй  байж мэднэ. Хаа нэгтээ хэн нь хадгалчихаад түүнийхээ учрыг олох арга саам хайж байгаа бол нөгөө олон өрийнхөө хүүг ч болов төлчихөөч.    Монголчууд бид яасан мартамхай улс вэ. Хэдхэн сарын  өмнө л Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-ийнхны аяыг олох гэж яаж арга үйлээ барж байлаа дээ.  Гэтэл одоо, зүгээр л мөнгө тараах тухай ярьж, Сангийн сайд нь  санал боловсруулж, Засгийн газар нь УИХ-д өргөн барьж байх юм даа. Ингэж болохгүй ээ, У.Хүрэлсүх ээ.  Багш нар ч 300 мянгад хууртагдахгүй нь. тэд өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна шүү дээ.

 

.   

 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.