Ө.Энхтүвшин: 65-ын бүлгийнхэн өөрсдөө л Засгийн газар руу элдэв хүн шахаа биз дээ

Ө.Энхтүвшин: 65-ын бүлгийнхэн өөрсдөө л Засгийн газар руу элдэв хүн шахаа биз дээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр 60 тэрбумын асуудлыг булзааруулаад, янз бүрийн шахалт дарамтаар хэргийг нь хойшлуулаад, нуух ажил хийж байна. Гэвч эцсийн дүндээ концессын олон тэрбум чинь ч бас сануулга шүү. Энэ 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь болгохгүй бол үнэхээр болохгүй ээ. Түүнээс гадна Хүүхдийн мөнгө олгосон нь буруу гэсэн асуудал яригдаад байна. Би бол хууль бусаар ч хамаагүй хүүхдийн мөнгийг олгоосой. Монгол хүүхдүүдийг битгий ялгаасай. Энэ бол аль нэг намын хэрэгжүүлэх хөтөлбөр гэхээсээ илүүтэй Монголын төрийн үүрэг байх ёстой. Тийм болохоор хүүхдийн мөнгийг битгий буруутгаасай. Уг нь хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хууль ёсоор болгоод өгчихье гэж их хурал дээр ярьж байсан. Гэвч зөвшөөрөөгүй. Одоо энэ нь Засгийн газрыг буруутгах шалтгаан болчихлоо. Тийм болохоор цаашид хүүхдийн мөнгийг тэгш олгох нөхцлийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна. Гуравдугаарт, албан тушаалын томилгооны асуудал байна. Энэ албан тушаалуудыг мөнгөөр зарсан гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг бид харж, үзэж, мэдэрч байна. Асуудлаа өнөөдөр ний нуугүй ярих л хэрэгтэй. Манай, танай нам гэхээсээ илүүтэй төр засгийнхан ард түмнийхээ итгэлийг эргүүлж авах хамгийн том асуудал бол 60 тэрбумыг нэг тийш нь болгох. Олон мянган ажлаа хийж байсан төрийн албан хаагчдыг гудамжинд гаргаад, эргээд мөнгөөр томилогдсон байх магадлалтай хүмүүс ажлын байрыг нь булаасан. Үүнийг хуулийн байгууллага тогтоож өгөхгүй л байна. Гэхдээ энэ бол Засгийн газрыг огцруулах тодорхой үндэслэл болж чадаж байна гэж бодож байгаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: УИХ-ын гишүүдийн амар амгаланг эрье. Концессын асуудлыг нэлээд ярьж байх шиг байна.800 орчим тэрбум төгрөгийн концесс байгуулсан. Ер нь бол 41 гэрээгээр 2.2 тэрбумын концессын гэрээ байгуулагдсан байсан, бидний засаг авахад. Үүнийг бид улстөржүүлээд яриад байвал болох байлаа. Гэвч тэгээгүй. Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг хууль бусаар олгосон гээд байгаа. Хүүхдийн мөнгийг олгоход Засгийн газар ямар ч хууль зөрчөөгүй. УИХ-ын баталж өгсөн хязгаарын дагуу л Засгийн газар хүүхдийн мөнгө олгосон. Мөн Засгийн газар хурд муутай ажилласан гэж ярьж байх шиг байна. Би хэдэн тоо хэлье. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг өсөлт -1.3 хувьтай байсан. Агшилттай. Тэгвэл 2017 оны хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай болсон. Зөрүү нь есөн сарын дотор 6.6 хувь. Зарим хүмүүс МАН-ынхан азтай, нүүрсний үнэ өсөх үед засаг барьдаг гээд байдаг. Тэгвэл бид нүүрснийхээ үнийг өсгөж чадсан юм шүү. Харилцан тохиролцсон юм. Гэх мэт бид олон ажил хийсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Жилийн өмнө бид Засгийн газраа байгуулж байсан. Тэгвэл жилийнхээ ойн дээр Засгийн газраа огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Яагаад гэвэл энэ Засгийн газар хариуцлага алдсан. Анхнаасаа энэ Засгийн газрыг байгуулахдаа л ард түмэнд өгсөн амлалтаасаа буцсан. Олон амлалтаас буцсан шүү. Алийн болгон бид худал хуурмар бүхнээ эв нэгдэл гэдгээр хаацайлах юм. Бид ард иргэддээ сонгуулийн үеэр мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амалж байсан. Тийм Засгийн газар байгуулж чадаагүй юм. 65-ын бүлгээрээ хэлэлцүүлэхгүйгээр өөр төвшинд яриад шийдчихсэн. Тийм ч учраас тэр Засгийн газрын чинь зэс цухуйж, өнөөдөр огцрох асуудал яригдаж байна. Түүнээс гадна энэ Засгийн газарт байгаа сайдууд нь өөрийн эрх бүхий компанидаа олон зуун тэрбумын концессыг авсан. Гэтэл бид долоо хоногийн өмнө цэцэрлэг, сургуульгүй ямар байдалд оров. Бүр УИХ-ын гишүүдээс хүүхдийг минь сургууль, цэцэрлэгт багтааж өгөөч гэж гуйж байна. Нийгэм ийм л байдалтай байгаа. Гэтэл сайдууд 800 тэрбумын концесс авч байна. Концессын гэрээ байгуулах асуудал бараг нууц байсан гэж хэлж болж. Байнгын хорооны хурал дээр Сангийн сайд нь би мэдэхгүй гээд хэлж байсан шүү. Тийм нууц байдлаар хийгдсэн. УИХ концессыг нэр, байршил, үнэ өртгөөр нь гаргаж, хуулиа батлах ёстой. Энэ хууль алдагдсан. Энэ бол том хулгай. Түүнээс гадна энэ Засгийн газар Сайханбилэгийн Засгийн газрын алдааг засаагүй. Наад зах нь Оюутолгойн гэрээг Дубайд очиж яаж муутгасан билээ. Монгол Улсын 30 жил авах ашгийг байхгүй болгосон. Тэр битгий хэл Тавантолгойн нүүрсний ордынхоо 49 хувийг Хятадын компанид өгөхөөр бүлгээр хэлэлцүүлж байсан. Бүлэг дээр бөөн хэрүүл болж байж буцаасан. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Бид уг нь өдийд арай өөр юм ярьж байх ёстой байлаа. 50, 60 сая малаа энэ өвөл яаж онд оруулах юм. Хадлан, бэлчээр, ус байхгүй, хүн хүч муутай байна. Энэ үр тариа юу болж байгаа юм. Хоёр сарын дараа төлөх гадаад бондын өрөө яаж шийдэх вэ гээд олон асуудал ярьж байх ёстой. Гэтэл Засгийн газар огцруулах асуудал ярьж байгаа нь цагаа олоогүй гэж би бодож байна. Засгийн газрыг огцруулах үндэслэл гээд гурван зүйл тавьжээ. Боловсон хүчний алдаа гаргасан. Засгийн газар муу ажилласан, концесс гэх мэт. Ер нь бол 65 хүнтэй бүлэг маань энэ бүхнийг чиглүүлж өгөө биз дээ. Энэ бүхнийг 65 хүнтэй бүлэг дээр дахин дахин ярьсаар байгаа л шийдсэн. ОУВС-гийн хөтөлбөрт ор, хүүхдийн мөнгийг хас, татварыг хас. Дараа нь нөхцөл байдал сайжирсан үед нэм, сэргээ. Ийм зүйлүүдийг 65-ын бүлэг дээр ярьж байгаад л шийдсэн. Энэ бүлгийн шийдвэрээс гадуур Засгийн газар дур мэдээд хийчихсэн ажил гэхээр би нэрлэж чадахгүй байна. Тэгэхээр 65 чинь ямар хариуцлага хүлээх юм бэ. Засгийн газар руугаа асуудлаа түлхээд, ямар ч гэмгүй амьтад суугаад үлдэх юм уу. Жишээ нь, боловсон хүчний алдаа гарсан гэж байна. Энэ 65 чинь Засгийн газар руу баахан хүмүүс шахаж, чихээ биз дээ. Тэр сайд, дэд сайд, газрын дарга нар гээд л. Бүгд рүү нь шахсан. Тэгээд мэргэжлийн Засгийн газрын утгыг алдагдуулсан биз дээ. 65 чинь үүнийгээ дотроо ярих ёстой байсан юм. Гэвч чадалгүй, Засгийн газар руу чихлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.