Энэтхэг, Монгол хоёр улсын харилцаанд нэгэн шинэ түүх нэмэгдэв

Энэтхэг, Монгол хоёр улсын харилцаанд нэгэн шинэ түүх нэмэгдэв

Бүгд найрамдах Энэтхэг улсад мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарт ажилладаг эгэл жирийн залуус  гурван жилийн өмнөөс дэлхий дахиныг тойрон аялах төлөвлөгөө гаргажээ. Улмаар энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд сүүлийн нэг жилийн хугацаанд шаргуу бэлтгэж, зургадугаар сарын 06-нд анх Ташкент хотноо газарджээ. Харин тэндээс мотоцикльтой аяллаа эхлүүлж, Тажикстан, Узбекистан, Киргизстан, Казакстан, Орос зэрэг улс орнуудыг дамжсаар энэ сарын 9-нд Монгол Улсад ирсэн юм. Тэдний мотоцикльтой эхлүүлсэн аяллын зургаа дахь орон нь Монгол Улс байсан бөгөөд нийт 9000 км замыг тэд хоёр дугуйт төмөр хүлгээр туулжээ.

Тэднийг Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо “Монголын  чопперчин ахан дүүс” хол­боо­ны залуус тосч аван, ул­маар Энэтхэгийн Элчин сай­дын яаманд хүргэж иржээ. Энэт­хэгийн ард түмний эв нэгдэл, найрамдал, хамтын ажил­лагааны нэгэн шинэ жимийг нээсээр ирсэн Энэтхэг улсын иргэн Деепал Камат, Дилип Кришна Бхат, Судхар Прасад нартай энэ сарын 10-нд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын зарим төлөөлөл уулзаж, аяллын сонин сайхнаас нь хуваалцлаа. Энэхүү үйл ажиллагааг Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу болон тус Элчин сайдын яам зохион байгуулсан юм.

Уулзалтыг нээж Элчин сайд Суреш Бабу хэлсэн үгэндээ Монгол орон даяар наадам эхэлж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж буй энэ цаг үед энэтхэгчүүдийн энх тайван, сайн санаа, нөхөрлөлийн бэл­гэ­дэл болж, мэргэжлийн мо­то­цикльчид  Энэтхэгийн ард түм­ний мэндчилгээг уламж­ла­хаар ирснийг хэмээ­лээ. Түүнч­лэн, Монгол Улсаас Энэтхэг улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ган­болд энэхүү уулзалтад орол­цож, дэлгэр сайхан Монгол оронд тавтай саатаж, үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохыг урьсан юм.

Тэд монголын үндэсний баяр наадмыг тааруулж ирэхийг хүссэн ч зам зууртаа хоног хугацаа алдаж, төлөвлөсөн хугацаанаас хожимдох шахсан хэмээн ярьж байв. Амаргүй зам, бартаа саад, байгаль цаг уурын хүнд ширүүнийг үл тоон Монгол Улсыг зорьж ирсэн нь буруу зүйл байгаагүй гэдгийг тэд бахархан ярьж байлаа. Монголчуудын найрсаг, тусархаг зан чанарыг үнэхээр төсөөлж ч байгаагүй гэдгээ тэд хэлж байлаа.

Эдгээр залуус өөрийн улс оронд үйлдвэрлэсэн үнэ хямд, элдэв тоноглолгүй атлаа ямар ч бартаат замыг туулах чадвартай “Бажаж” үйлдвэрийн мотоцикльтой аялалд гарсан бөгөөд энэхүү аялалаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сурталчлахыг хүссэн аж. Мөн хүн зорьж зүтгэвэл ямар ч хүнд хэцүү зүйлийн ард гарч, бас аялж болдог гэдгийг харуулахыг зорьсон гэдгээ хэлж байлаа. Залуус үргэлжлүүлэн 5000 км нэмж аялах бөгөөд, наймдугаар сарын эхээр Энэтхэг улсад очсон байх зорилго тавьжээ.

Мөн энэхүү уулзалтад Монголын чопперчин ахан дүүс холбооны удирдах зөвлөлийн гишүүд оролцсон бөгөөд мотоциклийн аялалыг Энэтхэг улс руу хийх, мөн аялалд болон энгийн үед ч унахад тохиромжтой “Бажаж” үйлдвэрийн мотоциклийг эх орондоо оруулж ирэн зарах, хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх хүсэл сонирхолтой гэдгээ илэр­хийлж, энэ ажилд дэмжлэг үзүү­лэхийг Элчин сайд Суреш Бабугаас хүссэн юм. Мөн эд­гээр холбооны залуус өнгөр­сөн хугацаанд 6000 орчим мото­цик­лийн тамирчдыг угтаж авсан бол хамгийн анх удаа Ази тивийн мотоцикльчид эх оронд маань ирж байгааг дуулгасан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.