Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг эхнийхээр нь тооцъё

Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг эхнийхээр нь тооцъё

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ сарын 26-нд боллоо. Парламентад суудалтай гурван нам төлөөллөө илгээж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүллээ. Харамсалтай нь гурван нэр дэвшигчийн хэн нь ч нийт санал өгсөн сонгогчдын олонхийн дэмжлэгийг хүлээсэнгүй.

Уг нь АН-аас нэр дэвшиж байгаа Х.Баттулга олонхийн санал авсан л даа. Гэхдээ нийт сонгууль өгсөн хүний 50 хувь дээр нэмэх нь нэг санал авах ёстой гэсэн асуудал босч ирчихээд байна. Гэтэл Үндсэн хууль болоод Сонгуулийн хуулиндаа тийм нарийн заалт байхгүй байгаад байдаг.

За энэ ч яахав, ямар ч байсан дахин санал хураалт болох нь тодорхой болчихлоо. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас өрсөлдөж буй М.Энхболд нарын хооронд өрсөлдөөн өрнөх нь. Дахин санал хураалтыг СЕХ долдугаар сарын 9-нд хийхээр товлоод байсан. Харин АН-ын шаардлагын дагуу, хуулиа баримталж, ажлын өдөр буюу долдугаар сарын 7-нд хийхээр болж товоо өөрчиллөө, өчигдөр. Ямар ч байсан баяр наадам арай эхлээгүй байхад, тэгээд ажлын өдөр сонгуулийн дахин санал хураалт болох нь.

СЕХ хуулиа баримталж байна гэсэн үг. Одоо харин монголчууд дахин сонгуулиа идэвхтэй өгч, хэн нэгнийг нь Ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй байна. Хэрвээ ахиж ирц хүрэхгүй, эсвэл аль нэг нэр дэвшигч нь 50-иас дээш хувийн санал авахгүй бол гурав дахь шатны сонгууль болох аюултай. Дахиад л төсвийн өч төчнөөн мөнгө урсана.

Нөгөө талаар энд нэг асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй байна. Улс төрийн намууд ч гэсэн СЕХ-нд санал хүргүүлээч ээ. Гадаадад амьдарч байгаа иргэдийг дахин сонгууль өгүүлж, бөөн ядаргаа болж байхаар эхнийхээр нь тооцчихвол яасан юм. СЕХ гадаадад амьдарч байгаа иргэдийн дахин санал хураалтыг долдугаар сарын 4-ний өдөр хийхээр товлоод байсан. Тэгвэл өчигдөр шийдвэр гаргаж, долдугаар сарын 4, 5-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар шийдвэрлэсэн байна билээ.

Учир нь дэлхийн өнцөг булан бүрт саналын хуудас хүргэхээс авахуулаад олон ажил байгаа. Нэг өдөр иргэд саналаа өгөхөд хүрэлцэхгүй гэж үзээд хоёр өдөрт санал авахаар шийдвэрлэж байгаа юм байна. За тэр хэдэн өдөр саналаа өгөх нь хамаа алга.  Сая сонгууль болоход гадаадад байгаа иргэдээс 7209 хүн бүртгүүлсэн байсан.

Сонгуулиа өгөхөөр шүү дээ. Түүнээс 4714 хүн саналаа өгсөн байна билээ. 50 гаруй хувь нь яаж ийж байгаа сонгуулиа өгч, иргэний үүргээ биелүүлжээ. Гэхдээ тэд Монголд байгаа шиг амьдарч буй гэрийнхээ хажууханд саналаа өгчихгүй. Тус улсад байгаа Элчин сайдын яам болоод төлөөлөгчийн газарт очиж саналаа өгнө. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа болгон тэр улсынхаа нийслэлд байна гэж байхгүй.

Өөр олон хотуудад нь ажиллаж, амьдарч, суралцаж байгаа. Гэтэл тэр хотод нь төлөөлөгчийн газар энэ тэр байхгүй бол нийслэл рүү нь явах болно биз дээ. Солонгост амьдарч байгаа хэсэг залуус бүр автобус хөлслөөд, олон км зам туулж байж очиж саналаа өгсөн юм билээ. Мэдээж гадны оронд ажиллаж байгаа болохоор чөлөө олдоно гэж юу байх вэ дээ, хөөрхийс. Тийм болохоор бөөнөөрөө тохироод, нэг өдрийн ажлаа хаяад санал өгсөн гэдгээ цахим ертөнцөд бичиж л байна. Ар гэрийнхэндээ хэлж байна.

Австралид гэхэд залуучууд онгоцоор нисч очиж байж саналаа өгсөн байна билээ. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд ингэтлээ ач холбогдол өгч байна шүү дээ. Гэтэл одоо дахин санал хураалт явуулна гээд сууж байна, бид. Харин эхний удаад идэвх гаргасан залуучууд дахин санал хураалтад оролцож чадахгүй гэдгээ илэрхийлж эхэлж. Аргагүй шүү дээ, хэн тэгээд л дахиж онгоцоор нисч очоод саналаа өгөх вэ дээ.

Хэн тэгж ажлаа тасалж, автобус хөлсөлж саналаа өгдөг юм. Хэцүү биз дээ. Хүний нутагт, хэцүүхэн байгаа нь ойлгомжтой. Харин ч тэд сонгуульд нэлээд идэвхтэй оролцлоо. Тэр хөдөлмөрийг нь үнэлээд, дахин санал хураалтыг гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дунд явуулахгүй баймаар байна. Ердөө л эхний өгсөн саналаар нь тооцоод явчихад болно шүү дээ.

Ядаж ирцэнд ч гэсэн тустай. Ингээд бичихээр Х.Баттулга олон санал авсан болохоор түүнийг дэмжиж байна гэж бодох байх. Тиймээ, хэдэн санал илүү өгсөн нь үнэн. Гэхдээ М.Энхболд нэр дэвшигчид саналаа өгсөн 1000 хүнийг ч хүндэтгэж үзэх хэрэгтэй шүү. Хэнд саналаа өгсөн бэ гэдэг нь хамаагүй. Дахиж санал өгөхөд л хэцүү. Энэ зарчмын асуудлыг СЕХ эргэж нэг хараач ээ. Журам гаргаад л шийдчихэж болох байлгүй дээ.

Хэрвээ дахин санал хураалтад гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг заавал оролцуулах хэрэгтэй юм бол өмнө нь саналаа өгөөгүй иргэдээ л уриалчихъя. Эхний сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн 7200 хүнээс үүргээ биелүүлээгүй үлдсэнийг нь дахин санал хураалтад хамруулчихгүй юу. Тэгэхэд л асуудал шийдэгдэнэ биз дээ. Ер нь тэгээд ч дахин санал хураалтыг гадаадад явуулахгүй, эхний өгснөөр нь тооцчихвол Монгол Улсын Засгийн газар овоо хэдэн төгрөг хэмнээд л авна. Манайд л ашигтай. Энэ хувилбарыг улс төрийн намууд, цаашлаад СЕХ-ны удирдлагууд бодолцоно биз ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.