Улаанбаатар oC

Ч.Содномцэрэн: Хоёр дахь шатны санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

Ч.Содномцэрэн: Хоёр дахь шатны санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр 22:00 цагт дуусч, саналыг нэгтгэсэн.  Зарим аймгууд тодорхой бус шалтгаанаар өнөөдөр өглөө СЕХ-нд саналынхаа нэгдсэн дүнг ирүүлсэн билээ. Сонгуулийн нэгдсэн дүнгээр АН-аас  нэр дэвшигч Х.Баттулга илт давуу ялсан юм. Түүний араас саналын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд орсон. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар удааллаа. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга олонхийн саналыг авсан ч нийт сонгогчдын 50 хувьд хүрч чадаагүй билээ.

Үүнтэй холбогдуулан СЕХ хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуульд нийт 1.988.868 сонгогч бүртгүүлсэн ч 1.357.788 сонгогч саналаа өглөө. Сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцээд ирц 50+1 хувьд хүрээгүй тул хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 09-нд явуулахаар шийдвэрлэлээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748, МАХН-аас нэр дэвшигч 409899 санал авсан. Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явуулна” гэв.

Санал хураалт ирэх сарын 9-нд явагдах юм байна. Харин гадаадад байгаа монголчууд ирэх сарын 4-нд дахин саналаа өгөх гэнэ. Мөн хоёр дахь шатны сонгуульд нийт 7.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.  Тиймээс СЕХ-ноос иргэдийг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа. Хоёр дахь шатны санал хураалтад иргэдийн ирц хүрэхгүй бол энэ удаагийн сонгууль хүчингүйд тооцогдож улс төрийн гурван хүчин дахин нэр дэвшигчдээ намаасаа сонгож, өрсөлдөх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.