Д.Эрдэнэбат: Ипотекийн найман хувийн зээлийг 15-20 хувь болгохоор эрх баригчид зэхэж байна

Д.Эрдэнэбат: Ипотекийн найман хувийн зээлийг 15-20 хувь болгохоор эрх баригчид зэхэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хурлаа хийж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлт болон бусад асуудлыг  хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ. Энэхүү шалгалтын дүгнэлт нь Монголбанкны бие даасан хараат бус байдлыг, Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг үгүйсгэсэн хуулиар тогтоосон олон эрхзүйн хуулийн агуулгуудыг зөрчиж гаргасан улстөржсөн дүгнэлт болсон гэж АН-ын бүлэг үзжээ.

Тухайлбал, ажлын хэсэг ажиллахдаа цөөнхийг бүлгээс төлөөлөл оролцуулаагүй, мэдэгдээгүй аж. Монголбанкны холбогдох хүмүүсээс тайлбар, тодруулгуудыг аваагүй. Монголбанкны удирдлагад энэ тухайгаа танилцуулаагүй. Шалгалтын явцад мөнгөний бодлогын асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүсээс тодруулга хийгээгүй гэнэ.

Уг нь Монголбанк өөрөө хуулиар тогтоосон хяналтын зөвлөлтэй. Гэтэл энэ хяналтын зөвлөлтэй санал солилцоогүй гэх мэт олон дутагдалтай зүйлүүдийг хийсэн дүгнэлт болсон гэдгийг АН-ын бүлгийн дарга онцоллоо. Асуудал нэгэнт ингэж улстөржсөн учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-д асуулга тавих гэнэ. Түүнчлэн Монголбанкны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтийг УИХ-р нээлттэй хэлэлцэхийг шаардахаар болжээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Мөнгөний бодлогын асуудлыг арилжааны банктай адилтгаж авч үзэж болохгүй.

Өнгөрсөн эдийн засгийн хүндрэлтэй буюу түүхий эдийн үнэ унасан хугацаанд Монголбанкны мөнгөний бодлогоор олон эрсдэлийг давж гарсан гэдгийг монголын ард түмэн сайн мэдэж байгаа. Хэрвээ энэхүү улстөржсөн дүгнэлт нь үнэхээр мөнгөний бодлого тогтворжуулах чиглэлээр бага хүүтэй, ханшийг тогтвортой барих үйлдлийг буруутгаж байгаа бол хүүнээс болж гарсан алдагдал гэх энэ их тоог хохирол гэж үзэж байгаа нь маш буруу.

Өөрөөр хэлбэл, энэхүү ажлын хэсгийн дүгнэлтээр бол ипотекийн зээл авсан 80 мянган айл өрхийн найман хувийн зээлийг болохгүй гэж үзээд, 15-20 хувь болгох ёстой гэсэн үг. Мөн "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд 50 мянган малчин өрхийн авсан зээлийг дэндүү хямдхан зээл өгсөн байна гэж үзээд "малчдыг зээлийнхээ хүүг эргүүлэн төл" гэсэн шаадлага тавьж байгаа гэж харагдаж байна.  Мөн тухайн үед шатахууны үнийг бууруулахын тулд 14 компанид валютын ханш өндөр байсан үед ханшийн алдагдлыг нь төр хүлээсэн. Тэгвэл өнөөдөр ажлын хэсэг ханшийн зөрүүний алдагдал 300 гаруй тэрбумыг буцааж, төлөх ёстой гээд сууж байна.

Одоо тэгвэл Монголбанк шатахуун оруулж ирдэг компаниудаас хүүгийн зөрүүгээ нэхэх болно. Харин шатахууны компаниуд эргээд иргэдээс нэхэх л зүйлийг энэ ажлын хэсгийн дүгнэлтээр гаргаад ирлээ. Ажлын хэсгийн дүгнэлтийг ингэж ойлгохоос өөр гарц бидэнд байхгүй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжиж байсан бүх мөнгөний бодлого нь тухайн үеийн УИХурлын шийдвэртэй гарсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд тулгуурлаад, УИХ-ын ажлын хэсгийг бүх намуудын төлөөлөлтэйгээр шинээр зохион байгуулж, энэ асуудлыг эргэн нягтлах ёстой гэж бид үзэж байна. Эрх баригчдад ард түмэнд ташаа мэдээлэл өгөх эрх байхгүй гэдгийг хатуу сануулмаар байна" гэлээ.

З.Нарантуяа: Ажлын хэсгийн гишүүд юу ярьж байгаагаа ойлгохгүй байна

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа "Энэ удаагийн Эдийн засгийн байнгын  хорооноос  томилогдож, Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгжилт, болоод тухайн үед хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг хэрэгжилтэд үнэлгээ өгсөн ажлын хэсэг маш хариуцлагагүй, мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр бол Монголбанк нийтдээ гурван их наяд  орчим төгрөгийн алдагдалтай байна гэсэн. Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоон тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан байна гэх утгатай мэдээлэл хийж байгаа.

Ажлын хэсгийн гишүүд ямар хэмжээний тоо, юуны тухай ярьж байгаагаа ч ойлгохгүй байна. Асуудлаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа хүмүүсийн яриа гэж үнэлэхээс өөр арга алга. Монголбанкны валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой болгохтой холбоотой Монголбанкны хийсэн үйл ажиллагааны зардлыг бүхэлд нь алдагдал мэтээр бичээд ойлгуулж байгаа нь үндэслэл муутай байна. Ялангуяа Монголбанкны Ерөнхийлөгч гэдэг хүн өөрөө мөнгийг нь ачаад, аваад явчихсан юм шиг ард түмэнд ойлгуулж байгаа нь үнэхээр хариуцлагагүй зүйл.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийгэмд 4.8 их наяд төгрөгийг эдийн засагт гаргасан байна гэдэг. Үүнээс гурван их наяд нь орон сууцны хөтөлбөрт зарцуулагдсан байна. Эдгээр хөтөлбөрүүд өнөөдөр хэрэгжээд дуусчихсан. Харин 1.8 их наядын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжээд дуусчихсан. Энэ 2013 оны "Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг үндсэн чиглэлд" заасны дагуу хийгдээд 2015 онд дуусчихсан ажил. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төв банк өөрөө шууд зээл олгоогүй. Арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу аль салбарын ямар аж ахуйн нэгжүүдийг энэ хөтөлбөрийн хүрээнд дэмжих ёстой вэ гэдгээ тодорхойлж арижааны банкууд эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Монголбанкинд улс төрийн шалгалт хийчихлээ”

-Ажлын хэсгийн тайлбар дээр тухайн үед хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүдийг авсан тухайн компаниуд нь зориулалтын бусаар ашигласан байна гэсэн мэдээлэл өгсөн. Энэ үнэн үү?

Д.Эрдэнэбат: “Үнэ тогтворж­уулах хөтөлбөр”-ийн хүрээнд хийгд­сэн ажлын схем ямар бай­сан гэхээр УИХ-ын шийдвэр гар­аад, Монголбанк, Засгийн га­зар хоорондоо санамж бичиг зураад, Монголбанкнаас тухайн хөтөлбөр­ийн хүрээнд арилжааны банкуудад хүү багатай зээл олгосон. Арилжааны банкууд хөтөлбөрт оролцох хүсэлтээ зээлийн шаардлага нөхцөл хангасан компаниудтай л гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнийхээ да­гуу өнөөдрийн байдлаар "Үнэ тогтворж­уулах хөтөлбөр" гэж яриад л сенсаацилж байгаа 98 хувь нь зээлээ төлчихсөн. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ буцаагаад төлчихсөн. Монгол­банкны шалгалтын ажлын хэсгийн долоон нөхөр байгаа юм. Тэдний дотор дандаа улстөрчид ороод, улс төр­ийн шалгалт хийчихсэн байна. Энд байгаа Т.Аюурсайхан гэдэг нөхөр чинь тухайн үед ШӨХТГ-ын дарга байсан. Тэгвэл хөтөлбөрт хамрагд­сан компаниуд нь шударга байхаар ШӨХТГ-тай гэрээ байгуулсан. Харин Ц.Даваасүрэн гишүүн тухайн үед хөтөлбөр хэрэгжиж байх үед Төсвийн байнгын хорооны дарга байж байгаад, эдгээр хөтөлбөрүүд­ийг дэмжээд Засгийн газрын тогт­оолыг дэмжээд кноп дарж байсан хүн. Өнөөдөр эдгээр хүмүүс хаашаа хараад суугаад байгаа юм бэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.