Улаанбаатар 15oC

10 жил “амьгүй” явсан “Эрдэнэс Монгол”-ийн үйл ажиллагааг УИХ-д тайлагнахыг шаардав

10 жил “амьгүй” явсан “Эрдэнэс Монгол”-ийн үйл ажиллагааг УИХ-д тайлагнахыг шаардав
Урт хугацаанд уналтад орсон Монгол Улсын эдийн засагт ногоон гэрэл ассан талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нар мэдээлж, хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлснийг олон нийтэд зарласан билээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол Улс  5.5 тэрбум ам.долларын зээл авах эрх үүсэх бөгөөд ОУВС-аас 434.3 сая ам.долларын санхүүжилт авна.
 
Эхний ээлжийн санхүүжилт болох 38.6 сая ам.доллар ч Монголбанкны дансанд аль хэдийнэ байршив. Энэ цаг үед УИХ-ын ээлжит чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
 
Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх  үндсэн чиглэлийн тогтоолын төслийг УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хөгжлийн баримт, бичгүүдтэй уялдуулан боловсрууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот төвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлын төвшинг бууруулах, нэгдсэн төсвийн тэнцлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг өмнөх оны төвшнөөс бууруулах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэв.
 
Уг үндсэн чиглэлийн тогтоолын төслийн хүрээнд 100 орчим бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Үүнд нийт 7.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах ажээ. Санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс нэг их наяд 541.5 тэрбум, төр хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар таван их наяд 436.4 тэрбум, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөг авч бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Хуралдааны үеэр гишүүд ажилгүйдлын төвшинг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хийх бодлогын арга хэмжээнээс гадна “Эрдэнэс Монгол” компани болон “Оюутолгой”-н асуудлыг хурцаар хөндөж байлаа. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Та нар “Эрдэнэс Монгол” компанийнхаа учрыг олмоор байгаа юм. Сайхан болчих болов уу гэтэл улам л уруудаад байх юм, энэ компани чинь.
 
Хуулийн хувьд ямар учиртай юм. “Эрдэнэс Монгол” компанийнхаа талаар УИХ-д танилцуул. Ажлын хэсэг байгуул” хэмээн Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид анхаарууллаа. Ийнхүү үдээс хойш­хи хуралдаанаар хэлэлц­сэ­ний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. Мөн 2018 оны Монгол Улсын төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийг хэлэлцэхийг дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 
 
Л.Энх-Амгалан: Оюутолгойн ирээдүйд эзэмших хувьцааныхаа зээлд 100-110 сая ам.долларын хүү төлж байна
 
/УИХ-ын гишүүн /
 
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын ашиглалт, ашигт ажиллагаа, үр өгөөж, засаглал, өмч хувьчлалын бодлогыг шинэ шатанд гаргана гэсэн маш том зорилтыг дэвшүүлсэн. Харамсалтай нь 2018 оны үндсэн чиглэлд том зорилтынхоо хүрээнд зөвхөн баримт бичгийг боловсруулж, батлуулах ажлыг хийнэ гэсэн зорилт тавьжээ. Ийм зүйл байж болохгүй гэж би үзэж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн байнгын хороонд “Эрдэнэс Монгол” компанийн талаар ярилцлаа. Монголын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр нөхцөл байдал үүссэн юм билээ. “Эрдэнэс Монгол” компанийн толгой болон охин компанийн нийт өр, зээл нь дөрвөн их наядад хүрчихээд байна. 10.4 их наядад ороогүй өрийг ярьж байна шүү. Бидний эзэмшиж буй Оюутолгойн 34 хувийг жилийн есөн хувийн хүүтэй зээлээр авсан. Энэ 34 хувийн зээл нь нэг тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.долларын зээлээр 34 хувийг эзэмшиж байна.
 
Хувьцаа эзэмшлийн хувьцааг бид 2032 онд төлж дуусна. Жил бүр Оюутолгойн ирээдүйд эзэмших хувьцааныхаа зээлд 100-110 сая ам.долларын хүү төлж байна. Ард иргэд нь хувьцаагаа эзэмшиж чадахгүй, хувьцааг нь эзэмшиж буй компанийнхаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Ногдол ашиг  гэж зүйл огт байхгүй болчихсон. Үүнд зарчмын том арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. 
 
Ц.Ням-Осор: Төрийн өмчит компаниудын гурван их наяд өрийг барагдуулна
 
/Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга/
 
-Төрийн өмчийн том, жижиг нийлсэн 100 орчим компани бий. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн компанийн өр 10.8 их наядад хүрсэн гэсэн дүн гарсан. Үүний дараа төрийн өмчийн компанийн өрийг  барагдуулах чиглэлээр ажилласан. 2016 оны эцсийн балансаар 9.5 их наядын өртэй. Нэг их наяд 300 тэрбум төгрөгийн өр, авлагыг барагдуулсан. “Эрдэнэс Монгол”, “Тавантолгой” компанийн хувьд биднээс тусдаа үйл ажиллагаатай учраас энэ талаархи мэдээлэл алга байна. Цаашид хоёр жилийн хугацаанд төрийн өмчит компаниудын гурван их наяд өрийг барагдуулна. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.