Улаан тойргийн улаан “коммунист”

Улаан тойргийн улаан “коммунист”
“Хэн нь хэн бэ” булангийнхаа өмнөх дугаараас УИХ-ын гишүүдийн хэн нь хэн бэ, өмнө нь хэн байв, одоо хэн болов, юу хийж байна, сонгогчдын итгэл найдварыг дааж чадах төрийн түшээ мөн үү гэдгийг тольдон уншигчиддаа мэдээлж эхэлсэн билээ. Өмнөх дугаартаа бид УИХ-ын сонгуулийн 1-10 дугаар тойргийн гишүүдийг онцолж, нэр дэвшигчийн намтар, хувь хүнийхээ хувьд хэн болох, цаашлаад төр түших ажлаа хэрхэн нэр хүндтэй хийж буйг нь уншигчиддаа хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаарт, УИХ-ын сонгуулийн 11 дугаар тойрог болох Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг онцлох байна. Харин дараагийн дугаартаа УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг таныг бид онцлох болно.
 
Улс төрийн хүрээнийхэн хийгээд улс төрд хаалга тогшилгүйгээр орж ирсэн бор халзан хонинуудын  түүнд  өмсүүлсэн алдрын титэм нь энэ. Жирийн сонгогчдын хувьд Шатарбалын Раднаасэд УИХ-д ч,  улс төрд ч шинэ хүн. “Эрдэнэтийн 49 “ хувийн асуудалд хориг тавих тухай асуудал  олны анхаарал татах үеэс  нүдний шилтэй, дугуй  цагаан царайтай   залуу телевизийн дэлгэцнээ хэдэн өдөр дарааллан гарч элдэв тайлбарыг хийх  болсноор   УИХ-д Ш.Раднаасэд гэдэг гишүүн байдаг,  
 
Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилладгийг   мэдэж авсан  гэж хэлж болно.  Ер нь л нийгэмд танигдаагүй нэгэн. Харин хуульчийн хувьд шаггүй гэлцэх нь бий.  Тэрбээр цагтаа  Монгол Улсын  Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын  хүрээлэлд багтаж, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Эдүгээ  намтартаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан тухайгаа дурьдах төдий өгүүлэх болж.
 
Магадгүй түүнтэй  шадарлаж явснаа зүүдлэхээс ч айдаг болсон байж мэднэ. Ш.Раднаасэд албан тушаалын хувьд азтай, одтой эр. МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр  саарал ордонд олон жил төрийн албанд зүтгэсэн  эцгийнхээ  нөлөөгөөр  Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн хэлтэст хөл тавьж,    ЗГХЭГ-т шинжээч, референт,   АТГ-т  хэлтсийн дарга,   Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,   МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга,  МХЕГ-ын  даргын  үүрэг гүйцэтгэгч,  дарга, МАН-ын ХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга  гэхчилэн  ногоон гэрлээр   албан тушаал  ахисан байх жишээний.  Эдүгээ цэнхэртэж баларч байсан тойргийг эргээд улаан болгосныхоо шагналаар  Хууль зүйн байнгын хорооны даргын сэнтийд заларч  буй.  Нөгөөтэйгүүр,  түүний хашиж ирсэн албан тушаал нь  Ш.Раднаасэдийн ард талд нэр нөлөө бүхий улстөрч, бизнесмэн байж магадгүй гэх хардлагыг нийгэмд төрүүлэх юм билээ.   Ямартай ч УИХ-ын 2016 оны сонгуульд түүний  нэрийг Говь-Алтай аймагт дэвшүүлэх саналыг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Ц.Дашдорж тавьж, МАН-ын дарга  М. Энхболдод  ойр байдгийнхаа хэргийг хийсэн гэх яриа гарсан.  
 
Хөгждөггүйгээрээ алдартай Говь-Алтай аймаг УИХ-д ганц мандаттай.  УИХ-ын  11 дүгээр тойрог улаан гэдгээрээ  ч алдартай.   МАН өмнөх УИХ-ын ээлжит сонгуульд Ц.Дашдоржийг эдийн засгийн хувьд зардлаа даагаад явчих чадалтай хэмээж, Ж.Энхбаярыг  нэр хүндтэй генералын хүү гэдгээр нь ээлжлэн илгээдэг байв. Харамсалтай нь алтайчууд тэднээсээ хэдийнэ уйдаж, хоёр аваргын нэр хүнд ч навс унасан тул шинэ хүний эрэлд мордсон нь Ш.Раднаасэд байлаа.  Харин түүнд дахин аз тохиож олонхийн саналыг авч чадсан хэрэг. 
 
Тойргоо услахаа мартсан  гишүүн
 
Хэрэг  нь бүтсэн бол нүүрээ бууруулдаг зантай нэгэн гэдгийг алтайчууд мэдээгүй нь тун тоогүй.   Ш.Раднаасэд  УИХ-ын гишүүн болсноосоо хойш  тойрог руугаа явж сонгогчидтойгоо нэг ч удаа уулзаагүй байна.  Нэр дэвшиж явах үедээ саарал дээлний хормой хийсгэн сумын төвийн гудамжаар явж, өвгөд хөгшдийн тохойг өргөн “Би Шатарбалын хүү” хэмээн сайн эцгийн нэрийг барьж, баруун хацраа үнсүүлж явснаа  мартаж орхижээ.  Улсын нэгдсэн төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед ч Говь-Алтай аймаг, УИХ-ын 11 дүгээр тойргийн нэн даруй шийдвэл зохих асуудлаас дөнгөж хоёрхон зүйлийг төсөвт суулгасан байх юм.  
 
Сэлэнгэ аймгийн Мандал сум байтугайгаас жижигхэн энэ суурин газрын иргэд сонсогчид   УИХ-д төлөөлөлтэй, зүгээр ч үгүй Хууль зүйн байнгын хорооны даргатай боллоо  хэмээн хөөрцөглөвч өнөөх нь санаж сэдэх тал дээр гавихгүй  нэгэн  гэдгээ жил гарангийн хугацаанд харуулав. Тэгсэн атлаа нийгмийн анхаарал татсан, өөрт нь нэр төр авчрах зүйл дээр огло харайн босч  телевизийн сэтгүүлчдийн дуудан хуулийн зүйл заалт ярин   дөвчигнөх нь бий.  Аймаг нь усгүй, тойрог нь услагаа муутай болохоор Говь-Алтай аймаг элсэн дундаа шигдсээр байх нь дамжиггүй. Нөгөө талаар   Говь-Алтай аймаг  ундны усны хомсдолтой байдаг. Тиймээс ундны усны бизнес хийгээд ч болов тойргийн асуудлаа шийдэхсэн. Ер нь ч Раднаасэд  нэр цэвэр  улстөрч биш юм билээ.   Шийдлийн Засгийн газар засгийн эрхийг барьж байх үед   МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, даргаар хэсэгхэн  хугацаанд ажилласан.  
 
Энэ үедээ албан тушаалаа ашигласан гэх хоёр ч хэрэгт нэр холбогдсон байх юм. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгчээр ажиллахдаа ажилдаа тэнцэхгүй “С” үнэлгээ авч халагдсан Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийг ажилд нь эргүүлэн томилж хэл үгэнд өртөж байсан бол МХЕГ-ын даргаар ажилласан богинохон хугацаанд нэг нөхөрт гарал үүслийн гэрчилгээгүй хилээр орж ирсэн эмийг эмийн сангаар худалдаалах эрх өгсөн  байх юм. Энэ талаархи мэдээллийг цахим ертөцийн архиваас уншиж болно. Эцэст нь өгүүлэхэд нууцлаг байх гэж оролдоод ч  бүх зүйл нь ил байдаг Ш.Раднаасэдийн тухай өгүүлэхэд ийм байна.  
 
Түүнийг ямар сургууль төгссөн болохыг нэлээд эрэл сурал болж байж олсон гэдгийг энд дурьдах нь зөв байх.  Намтартаа зөвхөн  дээд сургууль төгссөнөөсөө хойшхыг өгүүлжээ. Дотоодод сургууль төгссөн, эрдмийн зэрэг, цол хамгаалаагүй болохоор түүнээсээ ичдэг ч байж мэдэх юм.  Ийм нэг улаан “коммунист” УИХ-д Говь-Алтай аймгийг төлөөлдөг. 
 
Намтар 
1998-2000    Хууль Зүйн Яамны Стратеги төлөвлөлтийн газар мэргэжилтэн, 
2000-2007  ЗГХЭГ-т шинжээч, референт
2007-2008  Авилгалтай Тэмцэх Газрын Хэлтсийн дарга
2008-2009  Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
2010 оноос  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МАН-ын ХЭГ-ын даргаар тус, тус ажилласан байна.
2014 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2016 оноос УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.