Х.Баттулга: Би бие сэтгэлээрээ бэлэн байна

Х.Баттулга: Би бие сэтгэлээрээ бэлэн байна

АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Х.Баттулгыг батламжлах тогтоолыг намыг дарга С.Эрдэнэ уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг нь батламжилсан намын батламжийг гардууллаа.
Үүний дараа нэр дэвшигч Х.Баттулга намын журмын нөхөддөө хандан үг хэлсэн юм. Тэрбээр “Надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө дахин дахин баярлалаа. Ардчилсан намыг гишүүдийн оролцоотой, бодлогын шинэчилсэн нам болгох ажлыг шат дараатай эхлүүлж байгаа намын дарга С.Эрдэнэ танд талархал илэрхийлье.

АН шинэчлэгдэж, гишүүдээ сонсдог бодлогын дотоод ардчилалтай нам болох ажил  шат дараатай эхлээд явж байна. АН хүчирхэгжих болно. Түүхэн эргэлтийн энэ цаг үед нэг намын хараа хяналтад Монголын төр засаг орох нь. Эрх баригчид сайхан амлалтаасаа алхам алхмаар ухарч байна. Хүч түрэх дарангуйлах, гаргасан шийдвэрээсээ буцах, иргэдийн амьжиргаанд хэрэг болохуйц мөрийн хөтөлбөр амласан ч, түүнээсээ ухарсаар байна.

Энэ бүхнийг дагаад иргэдийн амьжиргаа царцаж байна. Тууштай хийсэн зүйлийг би энэ хугацаанд олж харсангүй. Эсрэгээрээ үндэстэн дамнасан корпорацийн эрх мэдэлд орсон гэдгээ өнгөрсөн УИХ-ын чуулганаар баталж гаргасан өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр буюу Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрээ гурван удаа хэлэлцсэнээрээ харууллаа. Долоон төрлийн татвар нэмж ард түмнийг туйлдуулав.

Сонгуулийн амлалтаасаа татгалзаж эхэллээ. МАН-ын бодлого иргэддээ бус, хэдхэн эрх мэдэлтнүүдээс хамааралтай гарч байна. Эдийн засаг нь нэг улсаас хамааралтай болгох  ажлыг тэд хүч түрэн баталж байна. Тухайлбал, Хятадуудыг визгүй зорчуулъя гэсэн уриалга төрийн түшээдээс гарч байна. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар газраа гадныханд алдах эрсдэл байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд сануулсан. Гадны улс орнууд Монголын хүн нь чухал биш, газар нь чухал гэж хэлдэг  гэдгийг Ерөнхийлөгч бидэнд сануулсан.

Би үүнтэй санал нэг байгаа. Тиймээс сонор сэрэмжтэй байх нь юу юунаас илүү чухал байна. Коммунистуудын хэлж буй шиг би Хятадыг үзэн ядагч биш. Уламжлалт соёл, үүх түүхтэй ард түмнийг би хүндэтгэдэг. Гэвч, нэг улсаас хэт хараат байх нь Монгол Улсын тусгаар тогтнол , бидний зүтгэж олж авсан эх орны аюулгүй байдалд нөлөөлөх вий гэдэгт санаа зовниж явдаг юм. Ачлал халамж тусламжид би таашаалтай ханддаггүй. Харин хамаг дэлхийн улстай шударгаар харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулна гэвэл дэмжиж ажилна.

Монгол хүн монголынхоо газар шороонд эзэн болж, эх нутгийнхаа газар шороонд элбэг хангалуун амьдруулахын төлөө би зүтгэдэг Ерөнхийлөгч байх болно. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Эрх баригчдад хүн хүч, мөнгө, цахим сүлжээгээр луйвардах, гадны хүчирхэг корпорациудын туслалцааг авах гэх мэтээр давуу тал олон байгаа. Гэхдээ би ард түмэндээ, бас ардчилагчиддаа найдаж байна. Эрх мэдэл дийлэх үү, энгийн иргэд дийлэх үү гэдэг тулаанд би орж байна. Харин би энгийн иргэддээ итгэж байна. Бид хамтдаа ялна. Хамтын хүч амжилт гэдгийг би өөрийн амьдралын туршлагаар мэднэ. Хариуцлага сахилга бат амжилтын эхлэл байдаг юм. Олигархи дэглэмийг нураахын төлөө хүч түрсэн эрх баригчдын эсрэг тууштай тэмцдэг ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе. Би бэлэн. Та бүхэн ч гэсэн бэлэн гэдэгт итгэж байна” гэж хэллээ.
Мөн түүнтэй  хамт намын дотоод сонгуульд өрсөлдсөн таван нэр дэвшигч болох  УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар индэр дээр гарч, ялалт байгуулсан Х.Баттулгад амжилт хүслээ. Харин Л.Болд гишүүний тухайд аавынхаа хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоод завгүй яваа ч, бие сэтгэлээрээ хамтдаа шүү гэдгээ намын даргаараа дамжуулан уламжилсан байна.

Түүнчлэн, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал амжилт хүсч, “Ринченнямын Амаржаргал гэдэг нэрийг энэ олон жилийн турш өөрөөсөө хүртэл харамлаж ирсэн. Харин энэ сарын 3-нд би намынхаа гишүүдэд нэрээ өгсөн. Өдий хүртэл хадгалж ирсэн нэрийг маань дэмжиж саналаа өгсөн гишүүд олон байгаа. Миний хувьд Х.Баттулгатайгаа үргэлж хамт. Намд миний хэрэг байвал, хэрэг болсон газарт нь би байх болно” гэдгээ илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Дорлигжав ч намын дотоод сонгуульд түүнийг дэмжсэн гишүүддээ талархал илэрхийлээд “Түүхэн цаг мөчид ардчилсан Ерөнхийлөгчөө өлгийдөн авахын төлөө хамтдаа зүтгэнэ” гэдгээ онцоллоо.

Намын их хурал үргэлжилж байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.