“50 гаруй хуучин барилгыг нурааж шинээр барина”

“50 гаруй хуучин барилгыг нурааж шинээр барина”

УИХ-ын чуулган өнөөдөр 15.30 цагаас Хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын тавьсан асуулгын хариуг сонсч байна. Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж буй юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал өмнөх Засгийн газрын алдааг давтахгүйн тулд асуудлыг сайтар судалж, улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар шинэ технологи, инновацийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр шинэ санаа дэвшүүлж буй эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч ажиллахыг уриаллаа. Түүний хувьд гэр хорооллын утааг бууруулах талаар шинэ төсөл хэрэгжүүлж, гурван айлд туршиж байгаа бөгөөд, туршилт амжилттай болвол хотын даргад танилцуулна хэмээсэн юм.

Мөн гэр хорооллын хөрснийн бохирдлын талаар шат дараатай арга хэмжээ авахгүй бол айлууд хашаандаа төмс ногоо ч тарьж чадахгүй болсныг анхаарч ажиллахыг сануулав. Хотын дарга нийслэлийн гэр хорооллыг гурван хэсэгт хувааж хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан гэдгээ дуулгав.

Тодруулбал, нийтдээ гэр хорооллын хэсгийг 76 бүс болгож хуваагаад эхний 26 бүсэд орон сууцны өндөр барилгууд барих бол хоёрдугаар бүсэд 200 айлын дунд дулаан, цахилгааныг нь шийдсэн орон сууц, гуравдугаар бүсэд сэргээгдэх эрчим хүчийг ашигласан хувийн орон сууц барих төсөл боловсруулж байгаа хэмээлээ.

Энэ үеэр Д.Сарангэрэл гишүүний асуулт тун анхаарал татаж байлаа. Тэрбээр, олон жилийн турш маргаан дагуулж буй Нэхмэлийн шарын байруудыг нурааж шинээр барих тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулдаж байгаа нь үнэн эсэхийг салбарын сайд, хотын дарга хоёроос тодрууллаа. Нэхмэлийн шарын байранд амьдарч буй иргэд чин үнэнийг хэлэхэд баас, шээстэйгээ хутгалдчихаад амьдарч байна. Тиймээс энэ асуудлыг яг хэзээнээс эхэлж шийдэхээ тодорхой цаг хугацаатай хэлж өгөхийг хүссэн юм.

Мөн Байшин комбинатын газарт барилга бариулах гэж хэд хэдэн удаа тендер зарласан ч нэг ч компани аваагүй. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавилаа. Хотын дарга “Нийслэлийн хэмжээнд 170 гаруй хуучин барилга бий. Түүнээс 50 гаруйг нь эхний ээлжинд нурааж дахин барилга барих төлөвлөгөө гарчихсан байгаа.

Нэхмэлийн шарын барилгууд үүнд багтсан. Нэхмэлийн шарын барилгуудыг нураахад дэд бүтцийн асуудал хэцүү байсан. Харин салбарын сайд Г.Мөнхбаяр дэд бүтцийн асуудлаа шийдэхэд зориулж 4.2 тэрбумын төгрөгийг шийдэж өгсөн учраас тун удахгүй асуудал шийдэгдэнэ. Таны яриад байгаа байшин комбинатын барилга ч шинээр барих төлөвлөгөөнд орсон байх. Би таньд жагсаалтыг явуулна” хэмээлээ. Хуралдаан асуулт хариултаар үргэлжилж байна.

Б.Тогтох

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.