Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа

Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай” гэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлж, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл бүрдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Онцгой комиссын дарга нарт өглөө.

Мөн нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан, цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих шалгалтыг зохион байгуулж, захирамж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.