Б.Баяраа: Шавийнхаа төлөө зүтгэсэн зүтгэлийг минь үгүйсгэж, эрхийг минь хасч байгаад гомдолтой байна

Б.Баяраа: Шавийнхаа төлөө зүтгэсэн зүтгэлийг минь үгүйсгэж, эрхийг минь хасч байгаад гомдолтой байна

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбоо тамирчныхаа төлөө, авсан байсан медалиа луйвардуулж алдсаныхаа төлөө дэвжээн нүцгэлснийг эрс буруутгаж, багшлах эрхийг хассан билээ. Тэгвэл энэ үйл явдлын дараа дасгалжуулагч Б.Баяраа өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр “Олимпийн их наадамд шударга шүүнэ, шударгаар ажиллана гэсэн тангараг өргөсөн шүүгчдийн хартаар эхэлдэг. Олимпийн их наадмын баримтлах гол зарчим нь ч гэсэн хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөн байдаг биз дээ. Гэтэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Нинат Лалов Порто-Рико болон Узбекстаны бөхчүүдийн барилдааны дараа өөрөө албан ёсоор мэдэгдэл хийсэн. Тэгэхдээ “Чөлөөт бөхийн хөгжил сайжирч байгаа. Гэхдээ манайд булхайтай шүүлтийн эсрэг бид ажиллаж байна. Үүнийг засч залруулахын тулд цаг хугацаа хэрэгтэй. Гэвч үүний төлөө бид бүгдээрээ тэмцэнэ” гэж ярьсан.

Тэгээд Узбекстаны бөхийн барилдааныг та бүхэн мэдэж байгаа. Олимпийн наадамд хүрэл медалийн төлөө Г.Мандахнарантай гарч ирэх хүртэл бүх барилдаандаа луйвар хийсэн. Тэр байтугай Порто-Рикогийн бөхийн дасгалжуулагч нь барилдааны дараа буруу шүүлтийн эсрэг нэгдэцгээе гэж хашгирч байсан. Мөн Монголын Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга н.Баянмөнх хүрлийн төлөөх барилдааны өмнө өөрөө мэдэгдэл хийсэн. Өрсөлдөгчөө ярихаас гадна булхайтай шүүлтийг даван гарах ёстой гэх утгатай юм ярьсан.

Өнөөдөр дэлхий нийтээрээ биднийг дэмжээд, та нарын зөв байсан шүү гэсэн. Гэтэл өнөөдөр биднийг уучлал гуй гэж байгаа юм уу. Бид уучлал гуйна гэхээр булхайтай шүүлт, бузар бүхний өмнө бууж өгч байгаатай ялгаа юу байна. Би бөхөд 26 жил зүтгэсэн. Бид хамтдаа л зүтгэж байгаа. Энэ хугацаанд элгээрээ хэвтчихсэн байсан Монголын эрэгтэй чөлөөт бөхийн багийг сэргээлээ. 26 жилийн хугацаанд дэлхийгээс 6 медаль авдаг байсан. Бид дөрвөн жилийн дотор дэлхийгээс 6 медаль авахуулсан. Хүн төрөлхтний хамгийн том спортын наадам, Олимпийн хүрэл медалийг шавь Г.Мандахнарангаараа авахуулж чадсан хөдөлмөр, зүтгэлийг минь. Шавийнхаа төлөө зүтгэсэн зүтгэлийг хормын төдийд байхгүй болгож, тэр байтугай хүний эрхийг хасч байгаад маш гомдолтой байна” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.