Г.Мандахнаран: Чөлөөт бөхийн холбоо миний төлөө явна гэдэгт би итгэхгүй байна

Г.Мандахнаран: Чөлөөт бөхийн холбоо миний төлөө явна гэдэгт би итгэхгүй байна

Монголын Чөлөөт бөхийн холбоо хэвлэлийн хурал зарлаж, манай тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг хассан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлсэн. Энэ үеэр мөн Риогийн олимпод хүрэл медалийн төлөө барилдсан Г.Мандахнарангийн дасгалжуулагчид болох Ц.Цогтбаатар, Б.Баяраа нарт хариуцлага тооцож, чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь  хасч буйгаа мэдэгдсэн юм. Тэгвэл тус хэвлэлийн хурлын дараа Г.Мандахнаран хоёр дасгалжуулагчийнхаа хамтаар сэтгүүлчдэд хандлаа.

Энэ үеэр  Г.Мандахнаран “Миний хувьд олимпоос хойш сэтгэлийн шаналалтай бухимдалтай өдөр хоногийг өнгөрөөж байна. Дайран дээр нь давс үрнэ гэгчээр миний төлөө, Монголын ард түмнийхээ медалийн төлөө шударга бус явдлын төлөө тэмцсэн хоёр дасгалжуулагчид  Монголын чөлөөт бөхийн холбооны эрхмүүд хариуцлага тооцохоор болчихлоо. Тамирчны биш, хувь хүний хувьд хэлэхэд ,  олимпийн бэлтгэл, олимпоос ирсэнээс хойшхи  цаг үе надад үнэхээр  хэцүү байсныг нуугаад яах вэ. Гэтэл сая энд сууж байсан эрхмүүдийн хэн нь ч над руу ярьж, уулзаагүй. “Миний хүү чи бол медаль  авсан. Чиний төлөө бид зүтгэнэ” гэж ярих нь битгий хэл надтай мэндэлсэн хүн нэг ч байгаагүй. Сая хэвлэлийн хурлын үеэр өөдөөс нь хараад сууж байхад над руу нэг удаа харсангүй, мэндэлсэнгүй.

Олимпийн бэлтгэл хийж байх дөрвөн жилийн хугацаанд бэлтгэл ямар байна гэж нэг ч удаа асууж байгаагүй. Г.Мандахнаран, тэр бүү хэл чөлөөт бөхийн эрэгтэй багийнхан олимпоос медаль битгий аваасай гэсэн бодолтой хүмүүсэнд байсан байх гэж бодож байна. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэвэл Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин Батцэцэгийн барилдааныг дуусгасныхаа дараа намайг хараад дэмжих байтал орхиод л явчихсан.  “Олимп дууссан. Одоо бүгдээрээ тэгээс эхлэе” гэж твиттертээ хүртэл жиргэсэн байна лээ. Хэрвээ Д.Дагвадорж, Төмөрбаатар нар тэнд байж, миний барилдааны булхайтай шүүлтийн эсрэг болохгүй бүтэхгүйг нь хэлж нүүр царайгаа харуулах ёстой байсан даа.

Магадгүй ингэсэн бол шүүлт өөрчлөгдөх ч байсан байж болох. Гэтэл тийм сэтгэл гаргаагүй.  Ийм байж буруу шүүлтийг эсэргүүцсэн хоёр дасгалжуулагчид хариуцлага тооцож байгаа нь Риогийн олимпийн булхайтай шүүлтийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.  Тиймээс бид цаашид Арбитрын шүүхэд хандах эрхзүйн үндэслэлгүй болчихлоо. Чөлөөт бөхийн холбооныхон цаашдаа миний төлөө явна гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс энэ ялгарсан асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбооны их хурал зарлаж шийдвэрлэе. Ингэхгүй бол дасгалжуулагч, багш нар төдийгүй намайг залгамжлах тамирчид ч амжилт гаргаж чадахгүй”  гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.