Ц.Бадамхатаны нэрэмжит байт харвааны нээлттэй тэмцээн боллоо

Ц.Бадамхатаны нэрэмжит байт харвааны нээлттэй тэмцээн боллоо

Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны нэрэмжит байт харвааны “Open Cup-2" заалны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.01.19-20/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Паралимпын аварга, “Добу мэргэн” клубын захирал Д.Баатаржав санаачлан Монголын байт харвааны холбоотой хамтарч, гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаныг алдрыг  мөнхжүүлэх, байт харвааны спорт сонирхогчдын тоон нэмэгдүүлэх, тамирчдыг чадавхижуулах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Байт харвааны тэмцээн Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангиллаар хувь буюу ганцаарчилсан, холимог баг, багийн төрлөөр явагддаг. Харин энэ удаагийн тэмцээнийг нийт тамирчдад хүртээмжтэй байлгах, урамшуулах зорилгоор “цол зэрэгтэй тамирчид” болон “цол зэрэггүй тамирчид” /сонирхогчид/ гэсэн хоёр ангиллаар нумны төрөл, насны ангилалгүйгээр зохион байгуулжээ.

Эхний өдөр цолтой тамирчид өрсөлдсөн бол хоёр дахь өдөр сонирхогчид буюу цолгүй тамирчид хоорондоо өрсөлдлөө. “Open Cup-2" тэмцээнд 9 байгууллагын  60  гаруй тамирчин оролцож, цэц  мэргэнээ сорьсон юм. Хөдөө орон нутгаас, тодруулбал, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий аймгуудаас тамирчид ирж оролцсон нь тэмцээний нэр хүнд, чансаа жил ирэх тусам сайжирч байгааг харууллаа. Тэмцээний ангилал тус бүрт 60 сум харвахаас хамгийн олон 10 оносон тамирчныг тусгай шагналын эзнээр тодруулан, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны гэр бүлээс шагналаа.  

Энэ үеэр тэмцээнийг санаачлагч Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Паралимпын аварга Д.Баатаржаваас сэтгэгдлийг сонслоо: Тэрбээр:

-Ц.Бадамхатан багш маань бидний дунд өсөж бойжиж, спортын зэрэг цолд хүрч, олон жил хамтран ажиллаж, явцын дунд багш шавийн барилдлагатай болсон юм. Багш маань маш энгийн, нийтэч, спортын өндөр боловсролтой, олон улсад нэр хүндтэй хүн байлаа. Монголын байт харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийг нь тодорхойлогч болж чадсан. Бид 1992 оноос хамтран ажиллаж, хожмоо Монголын Пара байт харвааны холбоог байгуулан ажиллаж байлаа. Багш маань ид хөдөлмөрлөх сайхан залуу насандаа хүнд өвчний улмаас биднийгээ орхиж, гэр бүл, найз нөхөд, Монголын байт харвааны спортод үнэлж байршгүй гарз учирч бурхны орноо одсон юм. Багшийнхаа гэгээн дурсгалын хүндэтгэн, алдрыг нь мөнхлөх, тамирчдынхаа чансааг ахиулахын тулд  нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Бид Монголын байт харвааны спортыг аль зайнд түлхүү хөгжүүлж болохоор байгааг судлан дэлгэрүүлж, уг тэмцээнийг олон улсын чанартай тэмцээн болгон хөгжүүлнэ.  Шилдэг тамирчдын чансааг тодорхойлдог, анхан суралцаж байгаа цол зэрэггүй тамирчид цол зэрэгт хүрдэг, цаашдаа тив дэлхий, олимпод нэр алдраа гаргах анхны алхамыг нь зөв тавьж өгдөг тийм л тэмцээн болгохын төлөө санаа тавин ажиллаж байна гэв.

Гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны нэрэмжит байт харвааны “Open Cup-2" заалны  тэмцээний дүнг толилуулья.

“Цол зэрэгтэй тамирчид”-аас:

1-р байрт Д.Дашнамжил /Хангаръд спорт клуб/

2-р байрт Л.Мөнхбаатар /Алдар спорт хороо/

3-р байр Б.Базыр /Хэнтий аймаг/

Тусгай шагнал-Н.Өлзийхутаг /Хангарьд спор клуб/

 

 “Цол зэрэггүй тамирчид” –аас:

1-р байрт М.Гэгээн /Хангарьд клуб/

2-р байрт Э.Энхзул /Хэнтий аймаг/

3-р байрт М.Золзаяа /Нийслэл өргөө клуб/

Тусгай шагнал- Э.Энхзул /Хэнтий аймаг/ нар тус тус шалгарлаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.