Анхны эко цэцэрлэгийг СХД-т байгууллаа

Анхны эко цэцэрлэгийг  СХД-т байгууллаа

Дулаанаа шалны халаалтаар шийдсэн, зориулалтын  агааржуулалтын системтэй, өвлийн  хүлэмжин дэх  анхны эко гэр  цэцэрлэг СХД-т  байгуулагдлаа. 

Сонгинохайрхан дүүргийн  нийт 330  хүүхэд  хүлээн  авах хүчин чадалтай 84 дүгээр цэцэрлэг дэргэдээ Эко гэр цэцэрлэгийн  бүлэгтэй болсон юм.

Тус дүүргийн  Засаг даргын  Тамгын газар, “Ulaanbaatar  peace avenue  rotary”  клуб,  “Эко ногоолин” ТББ хамтран  байгуулсан  гэр  цэцэрлэгт  25  хүүхэд  сургуулийн  насны өмнөх  боловсрол эзэмшинэ.  Нийслэлд  цэцэрлэгийн  хүртээмж дутуу,  сургуулийн  өмнөх  насны боловсрол  эзэмшиж чадахгүй байгаа хүүхэд  маш  олон.  Харин  нийслэлийн захын  хороолол  буюу Ханын материалын эцэс  орчмын  25  хүүхэд эл эко цэцэрлэгт хамрагдах  боломж нээгдлээ. 

Хэдийгээр зарим цэцэрлэг  дэргэдээ гэр цэцэрлэгийн  бүлэг  нээдэг ч, энэ нь  эко  гэдгээрээ анхных. Дээр  хэлсэнчлэн халаалт, агааржуулалтын  зориулалтын  системтэйгээс гадна хүлэмжиндээ  өвөл, зуны аль ч улиралд  ургуулсан  ургамал,  ногоотой цэцэрлэгийн  хүүхдүүд танилцаж,  багаасаа экологийн  боловсрол эзэмшинэ гэдгээрээ онцлогтой.  Урлаг  спортын  заалгүй ч,  хүлэмжин доторх  гэрийн  хойд  талдаа биеийн тамирын  дасгал  хөдөлгөөн хийчих  хэсэг  талбайг ч гаргасан  байна. 

СХД-ийн  Засаг дарга Ж.Сандагсүрэн  уг цэцэрлэгийг нээж үг  хэлэхдээ “Хэдийгээр нийслэлд  цэцэрлэгийн хүртээмж муу байгаа ч хүүхдүүдэд  сургуулийн  өмнөх  насны боловсрол олгох бүхий  л боломжийг ашиглах  нь  зөв.  Энэ  бүлгийг  байгуулснаар  25  хүүхэд  гэртээ биш цэцэрлэгт хүмүүжих  боломж нээгдэж байна”  гэсэн  юм. 

Уг  цэцэрлэгийг нийт 20  орчим  сая төгрөгөөр  барьсан  бөгөөд,  санхүүжилтийг  нь  “Ulaanbaatar  peace avenue  rotary”  клуб гаргаж байгаа юм.  Гэхдээ бусад  улсын  ротари  клубын зүгээс ирсэн хандив  дийлэнхийг  нь  бүрдүүлжээ.  Харин  ийм эко цэцэрлэг  байгуулах  саналыг  нь  СХД бүх  талаар  дэмжиж,  бусад  шаардлагатай бүх асуудлыг  нь  шийдвэрлэж өгсөн  байна. 

 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.