Түмнээ түшсэн нь өлзийтэй гэж...

Түмнээ түшсэн нь өлзийтэй гэж...

58 жилийн хугацаанд төр хийж чадаагүй ажлыг сайн дураар нэгдсэн хүмүүс 58-хан хоногт хийж бүтээсэн гайхалтай мэдээг уншигчдадаа хүргэж байгаадаа баяртай байна.

Тодруулбал, Монголд 1960 оноос байт харваа гэх спорт орчин цагийн спортын хэлбэрээр хөгжиж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл улсаас энэ спортод зориулсан талбай ганцыг ч барьж байгуулж байгаагүй юм.

Олимпын төрөлд багтдаг энэ спортод манай тамирчид муугүй амжилт үзүүлдэг ч бэлтгэл сургуулилалтын талбар байдаггүй нь амжилтаа ахиулахад “чөдөр” болсоор байгаа нь нууц биш.

Харин энэ байдлыг халахын тулд байт харвааны тамирчид болон энэ спортод элэгтэй хүмүүс нэгдэн сайн үйлсийн аян өрнүүлж, олон улсын стандартад нийцсэн байт харвааны талбайтай болохоор шийджээ.

Тэдний хүсэл, оргилсон тэмүүллийг олон хүн дэмжиж янз бүрийн хэлбэрээр тусламжийн гараа сунгасаар тэд одоо зургаахан хоногийн дараа хүсэн хүлээсэн талбайн нээлтээ хийж, тамирчид бэлтгэл сургуулилалтаа хэн нэгнээс царай алдалгүй базааж байх боломжтой болж байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор зүүн урдхан тал нь сүндэрлэж буй “Дайчин чанар~Тэсвэрийн талбар 360” нэртэй энэ талбайд өчигдөр өглөө 10:30 цагийн үед очиход 30 орчим хүн ажиллаж байлаа. Тэд бетон зутгаж, зүлэг усалж, гагнуур хийж зарим нь бээлий, маск зүүчихээд хог түүж дор бүрнээ ажилтай, амсхийх завгүй биднийг угтав. Хэдийгээр дөнгөж өглөөний 10 цаг өнгөрч байсан ч тэд ундарсан их ажлын талбартаа эртлэн ирсэн нь тэдний урсгасан хөлс, халтартсан царайнаас илхэн харагдаж байлаа. Тэд бол энэ спортод дурлаж, ажил амьдралаа холбосон халуун сэтгэлтэй жирийн монгол иргэдийн төлөөлөл юм.

Энэ талбайг байгуулахад төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Зөвхөн халуун сэтгэлтэй монголчуудын сэтгэлээр босч байгааг дахин дурдах нь зүйтэй болов уу. Тодруулбал, жирийн иргэдээс хандив байдлаар 340 гаруй сая төгрөг цуглуулж, энэ мөнгөөрөө төслөө хэрэгжүүлж эхэлснээс хойш 58 хоногийн дараа буюу ирэх сарын 1-нд талбайн нээлтээ хийх гэж байгаа нь энэ аж.

Эл хугацаанд нийт мянга гаруй хүн хандив өргөжээ. Тэдгээрийн 400 гаруй нь мөнгөн тусламж үзүүлсэн бол мөн төдий тооны хүмүүс цаг зав, хөлс хүчээ зориулан энэ талбарт ажиллаж байгааг тэнд ажиллаж байгаа хүмүүс хэлж байсан юм. Мөн 200 гаруй хүн эд материал хандивлаж, зарим нь үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ.

Төслийг санаачлагчид иргэдээс цугласан мөнгийг фэйсбүүк группээр дамжуулан шилэн дансаар тухай бүрт нь мэдээлж, гурван хоног тутамд тайлангаа түмэндээ зарлаж байгаа нь олон нийтэд хардлага төрүүлэхгүй, сайшаалтай санагдаж байгааг нуух юун.

Өмнө нь байт харвааны тамирчид 16 замтай жижиг талбайд бэлтгэлээ хийдэг байсан бол 34 замтай олон улсын жишигт нийцсэн ийм талбайтай болсноор шигшээгийн тамирчдаас гадна байтын клубууд, сонирхогчид ч өвөл, зунгүй харваж, бэлтгэл сургуулилалтаа тасалдуулахгүй байх боломжтой болох талаар төслийг санаачлагчид дуулгасан юм. Ингэснээр манай тамирчдын үзүүлэх амжилтад асар их ахиц гарах нь ойлгомжтой. Дашрамд дурдахад, Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан ийнхүү байтын тамирчдаа бэлтгэлийн задгай талбайтай болгоод зогсохгүй битүү ордон барихаар ажлаа эхэлж байгаа аж.

Мөн хандив өргөсөн хүмүүсээ клуб болгон хувааж, улирал тутамд байт харвааны сургалтад хамруулах гэнэ. Түүгээр зогсохгүй хандив өргөөгүй ч энэ спортоор хичээллэхийг хүсдэг, сонирхдог хүмүүст нээлттэй байж, нум сумаа боломжийн үнээр түрээслэх үйл ажиллагаа явуулах боломжтойг ч тэд тооцоолжээ. Түүнээс олсон орлогоо талбайн урсгал засвар, нум сумны шинэчлэл зэрэгтээ зориулж байх гэнэ.

Төрөөс нэг ч төгрөг  аваагүй, төсөв гэх зүйлгүй юм чинь арга ч үгүй биз. Багахан ч гэсэн орлогын эх үүсвэртэй байж, ард түмний сэтгэл шингэсэн талбайг гундаахгүй байхыг төслийг санаачлагчид хэлж байлаа.

Эцэст нь дүгнэхэд байтынхан төдийгүй монголчууд нэгдэж чаддагийн үлгэр жишээг, хүмүүс сайн сайхан зүйлд гар сунгадаг болсны илрэлийг “байтынхан” харуулж чадлаа. Байтынхан олон зүйлээр үлгэрлэл, манлайлал үзүүлж чадлаа. Тэдэнд баяр хүргэе.

М.УЯНГА

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ