ПАНАМ ШИГ УЙЛАХСАН

ПАНАМ ШИГ УЙЛАХСАН
Панам 4 сая хүн амтай. Хүн амын тал нь нийслэлдээ амьдардаг. Газар нутгийн тал нь хөдөө. 96 онд Гари Стэмпэл гэж дасгалжуулагч Панамд хөлбөмбөг хөгжүүлэх гээд иртэл хөлбөмбөгийн олигтой талбай ч байгаагүй. Тэр үед Панам дэлхийн чансааны 150-д жагсаж байлаа.
 
Хайрган дээр, элсэн дээр хөлбөмбөг тоглоно. Тоглох бөмбөг байхгүй Гари Англиас авчирсан хэдэн бөмбөгөөрөө хүүхдүүдийг тоглуулдаг. Бэйсболлын талбайг хөлбөмбөгийнх болгож ашигладаг. Гари улмаар хүүхдүүдийг бэлдэж, улмаар үндсэн шигшээг ч дасгалжуулсан.
 
Панамын хөлбөмбөг 2003 онд 20с доош насны ДАШТ-р оролцсоноос эхэлсэн. Анхны оролцсон аль нэг насных нь дэлхийн чанартай тэмцээн. Тэрнээс хойш 20-с доош насны ДАШТ алгассангүй. (20-с доош насны ДАШТ-р оролцох гэж урьдчилсан шатыг давдаг) Улмаар тэдгээр залуучууд 2009 оны Төв америкийн үндэсний цомд түрүүлж, 2009 оны Голд Кап тэмцээнд АНУ-д шөвгийн 8-д хожигдох хэмжээнд хүртэл богино хугацаанд хөгжсөн.
 
Улмаар 2018 ДАШТ-р урьдчилсан шатанд АНУ-г ардаа орхиж анх удаа ДАШТ-д тоглох эрх авсан. АНУ 1986 оноос хойш анх удаа ДАШТ өнжсөн шалтгаан Панам. Гари Стэмпэлийн гаргаж ирсэн залуучууд өнөөгийн шигшээ багийн үндсэн цөмийг бүрдүүлж байна.
 
Ердөө 20 жилийн дотор дэлхийн чансаанд 150д байсан баг 55-д жагсаж, ДАШТ-д оролцож анхны гоолоо орууллаа. Уйлж байна. Төрийн дууллаа сонсоод уйлсан. Панамын домог болсон хөлбөмбөгчин Балоя 37 насандаа улсынхаа анхны ДАШТ-ий гоолыг оруулж уйлж байна. Дэмжигчид нь баярлаж уйлж байна.
 
Панамын сувгаар нь мэдэх энэ улс сүүлийн жилүүдэд эдийн засаг нь өссөн ч 4 хүн тутмын 1 нь ядуу байсан хэвээр. Гэхдээ ДАШТ-д тоглож, гоолдож байна. 20 жилийн дотор хөлбөмбөгийн чансаанд 100 байр ахисан.
 
Бид чансаанд доошилчихгүйхэн гэж хичээсээр л. 186-д байсаар. 20 жилийн өмнөх байрандаа. Газар нутгаараа дэлхийд 18-д, газрын баялагаараа дэлхийн тэргүүн эгнээнд. Гэхдээ байрандаа байсаар л. Тулга тойрсон хэрүүлээ бөхчүүд, дуучидтайгаа хийж, албан тушаалын төлөө амиа тавин алалцаж, дөрвөн жилдээ нэг удаа төрийн түшээдүүддээ духан дээрээ нэг үнсүүлж, нэгнээ муулж, талцан алалцсаар. Байсан байрандаа.
 
Панам шиг ДАШТ-д оролцож төрийн дууллаа сонсож уйлахсан, гоол оруулахыг нь харж уйлахсан.
 
Харин бид хөлбөмбөгийн талбай дээр хүүхэд амиа алдахыг харж уйлж байна. Хөлбөмбөгийн талбай дээр үхэл харах биш баяр хөөр харахсан. Панам шиг уйлахсан.
 
Эх сурвалж https://www.facebook.com/OyuOdd
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.