Төрийн далбаагаа Унгарт мандуулсан жүдочид эх орондоо ирлээ

Төрийн далбаагаа Унгарт мандуулсан жүдочид эх орондоо ирлээ

Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид бахархам амжилт үзүүлж, өнөөдөр 10.00 цагт эх орондоо газардлаа.

Тэднийг жүдо бөхийн дэмжигчид, гэр бүлийн гишүүд, харьяа байгууллагын удирдлагууд алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүгээ барин угтсан юм. Энэ жилийн Дэлхийн аваргад Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт тав, долдугаар байр тус тус нэгийг эзэлснээр багийн амжилтаар дэлхийн 126 орноос гуравдугаар байрт шалгарсан нь манай улсын спортын түүхэнд байгаагүй амжилт байсан билээ. Жүдочид “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсаныхаа дараа Орон нутгийн хурлын танхимд хэвлэлийн бага хурал зарлаж, Монголынхоо ард түмэнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Хурлын эхэнд жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин О.Балжинням “Манай жүдо бөхийн шигшээ баг наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 3-ны хооронд Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-д амжилттай оролцоод ирлээ. Бидний гаргасан амжилтын талаар та бүхэн сайн мэдэж байгаа байх. Манай баг тамирчид нэг алтан медаль, нэг мөнгөн медаль, дөрвөн хүрэл, шагналт тав болон долдугаар байрт орж багийн дүнгээр гуравдугаар байрт орсон түүхэн амжилт гаргалаа. 57 кг жинд Д.Сумьяа маань Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хүрэл медалиа дэлхийн аваргын алтан медаль болгож олимп дэлхийн хос медальтан боллоо. Г.Одбаяр Б.Мөнгөнчимэг нар маань  анх удаа  ДАШТ–ээс  хүрэл медаль хүртлээ.  Хамгийн хүнд жинд Н.Түвшинбаяр аварга маань анх удаа +100 кг жинд барилдаж  хүрэл медаль хүртэж  олимпийн  алт, мөнгөн медалиа  дэлхийн аваргын хүрэл медаль болгож  олимп дэлхийн хос медальтан боллоо.  81 кг жинд О.Ууганбаатар шагналт тавдугаар байр эзэлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай шигшээ багийн тамирчид зургаан медаль хүртсэн. Энэ нь  Монголын түүхэнд байгаагүй түүхэн  амжилт үзүүллээ. Медаль авахад  багш дасгалжуулагч болон тамирчдын гэр бүлийнхэн болон Монголын ард түмэн энэ долоо хоног баярлалаа. Чин сэтгэлээсээ дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярлалаа” гэв.

Хэвлэлийн хурлын дараа Унгарын тэнгэрт эх орныхоо төрийн далбааг мандуулаад ирсэн тамирчдынхаа сэтгэгдлийг сонссоноо уншигчиддаа сонирхуулъя.

М.УРАНЦЭЦЭГ: МЕДАЛИЙН БУУХИАГ ЭХЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙГАА

-Будапештийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, элэг нэгт монголчуудаа баярлууллаа. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Энэ удаа жүдогийн багийн болон хувийн гэсэн хоёр төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Өмнөх  багийн ДАШТ энэ удаагийнх шиг эрэгтэй эмэгтэй холимог болж байгаагүй. Үүгээрээ онцлог боллоо. Манай жүдогийн тамирчид ч амжилттай оролцож, түүхэн амжилт үзүүлж чадлаа.

-Энэ удаагийн тэмцээнээс алт авах зорилготой байв уу?

-Уг нь би Будапештын ДАШТ-аас алтан медаль авна, хошой аварга болно гэсэн зорилго тавьж оролцсон юм. Гэвч, бага зэрэг алдаанаас болоод мөнгөн медаль хүртсэн. Цааш цаашдаа алтан медаль авахын төлөө хичээнэ ээ.

-Гэсэн ч, та медалийн буухиаг эхлүүлсэн шүү дээ?

ДАШТ-ий эхний өдөр 48 кг, 60 кг-ын барилдаан болдог. Тэр өдрийн барилдаан мөнгөн мядаль авч, Монголынхоо тамирчдын медалийн буухиаг эхлүүлсэндээ маш их баяртай байгаа. Тэмцээн эхэлснээс хойш тамирчид ээлж дараагаараа медаль авсаар байсан нь үнэхээр сайхан байсан.

Н.ТҮВШИНБАЯР: ЗОДОГ ТАЙЛАХ ТУХАЙ БОДОХГҮЙ БАЙНА

-Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнд тань баяр хүргэе. Юун түрүүнд таны сэтгэгдлийг тань сонирхмоор байна?

-Монголынхоо нийт жүдо сонирхогчид, жүдогийнхоо тамирчдыг дэмждэг бүхий л хүмүүстээ юун түрүүнд талархал илэрхийлье. Миний хувьд маш олон жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг-ийн жинд медаль авахыг зорьж, бэлтгэл сургуулилт хийж байсан ч, харамсалтай нь зорилгодоо хүрч чадаагүй байлаа. Харин энэ удаагийн ДАШТ-нд +100 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртсэндээ туйлын их баяртай байна.

-ДАШТ-ээс медаль авах таны хувьд том зорилго байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Миний медалийн санд байдаггүй ганц медаль нь ДАШТ-ийнх байсан.

-Та өмнө нь -100 кг-нд барилдаж байсан. Харин Будапештийн ДАШТ-д  +100 кг-д буюу өөрөөсөө том биетэй жүдочидтой оноолт таарч барилдахад ямар байв даа?

-Мэдээж, тийм ч амар байсангүй. Олон жил барилдсан туршлагаараа арай давуу байсан юм болов уу.

-Удахгүй таны цолны мялгаалга болох гэж байгаа юм билээ. Хэзээ нутаг руугаа явах вэ?

-Тийм ээ. Энэ сарын 15-нд Булган аймгийн Сайхан суманд болно. Энэ жил Үндэснийхээ их баяр наадмаар зүлэг ногоон дэвжээндээ зодоглож, Монгол Улсын заан хэмээх цолонд хүрсэн. Нутгийн зон олон, найз нөхөд, хамаатан садан маань цолны мялаалга найр хийх гэж байгаа. Монголынхоо нийт ард түмнийг Булган аймгийн Сайхан суманд очиж, цолны найр, наадмыг үзэж сонирхоорой гэж энэ дашрамд урья.

-ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа та “Миний сүүлчийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” гэж ярьсан байсан. Жүдогийн спортоос зодог тайлна гэсэн үг үү?

-Би одоо 33 настай. Араас залгамж болсон чадварлаг тамирчин их гарч ирж байна. Ирэх жилээс залуус маань сайжраад Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоосой гэж хүсч байгаа. Тиймээс би тэр үед “Сүүлийн ДАШТ” гэж хэлсэн юм.

-Та хэрвээ зодог тайлбал, улс төрд орох уу?

-Зодог тайлах тухай бодохгүй байна.

Д.СУМЪЯА: ХАМГИЙН СҮҮЛД ШИЙДЭМГИЙ МЭХ ХИЙНЭ ГЭСЭН БОДОЛТОЙ БАРИЛДСАН

-Дэлхийн аварга болсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Хамгийн түрүүнд нийт монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл монголчууд маань нийт тамирчид бидэнтэй хамт ялж, хамт унаж, хамт баярлаж, дандаа цуг байдагт баярлалаа гэж хэлье.

-Алтын төлөө барилдаан нэлээд хүндхэн болсон. Сүүлийн мэх үнэхээр шийдсэн мэх байсан уу?

-Урт цаг байсан. Хамгийн сүүлд шийдэмгий мэх хийнэ гэсэн бодолтой барилдсан.

-Олимпийн наадамд мэдээж түрүүлэх зорилготой очсон. Гэвч үндсэн зорилгодоо хүрч чадаагүй. Харин энэ удаа алтан медаль авахын баяр баяслыг биеэрээ мэдрэв үү?

-Тэгэлгүй яах вэ. Медалиа аваад тавцан дээр зогсох тэр мөч бол хамгийн сайхан мэдрэмж байсан. Тэр мэдрэмжийг авах юмсан гэсэн нууцхан хүсэл байсан. Энэ жил түүнийгээ авч чадлаа. Баярлалаа гэж хэлмээр байна.

Г.БОЛДБААТАР: ТЭР БАРИЛДААН ХАЙНАА ХАГАЛАХ МӨЧ БАЙЛАА

-Юун түрүүнд баяр хүргэе. Тэмцээний онцлог юу байсан талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Баярлалаа. ДАШТ-ийн барилдаанууд хүнд болсон ч, хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Шинэ олимпийн цикль эхэлж байгаа учраас ихэнх орны тамирчид залуу байлаа. Түүгээрээ онцлогтой байсан гэж хэлж болно.

-Цаашдын зорилго?

-Мэдээж, олимп.

-Хамгийн хүнд учраа гэвэл Японы жүдоч Рюүжү Нагаяма байсан болов уу?

-Тийм ээ. Японы залуу тамирчин Нагаяматай шөвгийн наймд шалгарахын төлөө хүч үзсэн. Хэрэв түүнд ялагдвал медальгүй, ялвал торгуулийн барилдаан хийх боломж гарах болохоор эцсийн хүчээ гаргаж барилдлаа. Тэгээд Нагаямагаас вазари үнэлгээ авч ялсан.

-Торгуулийн барилдаанд Казахстаны Елдос Смелдовтой таарсан шүү дээ. Та түүнтэй өмнө нь хоёр ч удаа барилдаж байсан байх аа?

-Риогийн олимпын мөнгө, 2015 оны ДАШТ-ын алттай Казахстаны бөх Елдос Смелдовтой торгуулийн барилдаанд оноолт таарч, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан. Бидний хувьд өмнө нь хоёр удаа таарч барилдахдаа нэг, нэг ялсан байсан юм. Тиймээс тэр барилдаан хайнаа хагалах мөч байсан.

-Хамгийн ойрын тэмцээнийхээ талаар тодруулаач?

-Гранпри тэмцээнүүд энэ сарын сүүлээр эхлэх байгаа. Багш нартайгаа ярилцаж байгаад оролцоно.

Б.МӨНГӨНЧИМЭГ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА

-ДАШТ–ээс хүрэл медаль хүртсэн танд  баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Дэлхийн аваргын тэмцээнд ороод манай баг тамирчид зургаан медаль аваад  өнөөдөр эх орондоо ирж байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, Жүдо бөхийн холбоо болон Монгол Улсын Ерөнхийлөгчдөө маш их баярлаж байна. Бэлтгэл хангаж өгсөн  хамт олон болон дасгалжуулагч багш нартаа ч  гэсэн баярлаж байгаа хэлмээр байна.

-Таны хувьд  ДАШТ–ээс анх удаа хүрэл медаль хүртэж байгаа. Медалийн төлөөх барилдаан ямар байв даа?

-Насан хүрэгчдийн жүдо бөхийн ДАШТ-д гурван удаа оролцож байна.  Өмнө нь оролцож байсан учраас харьцангуй туршлагатай байсан гэж хэлж болно.  Медалийн төлөөх шийдвэрлэх барилдааныг Хятадын жүдоч Ян Жуньсятай хийж, хоёр дахь минутад цэвэр ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй болсон доо. Ингэж дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өөрийн хүсэж байсан зүйлдээ хүрсэндээ маш баяртай байна.

-Тамирчны хувьд барилдаан бүр л хэцүү, ур чадвар авхаалж самбаа шаардаж байдаг байх. Гэхдээ энэ удаагийн ДАШТ-ээс хамгийн хэцүү оноолт, барилдааныг нэрлээч гэвэл?

 -Жүдо дэлхийн бүх оронд ерөнхийдөө жигд хөгжчихсөн учраас сул өрсөлдөгч гэж бараг байхгүй. Биднийг  маш их дэмжсэн учраас энэ удаагийн дэлхийн аваргад маш сайн амжилт гаргалаа. Ерөнхийдөө барилдаан бүхэн хүнд байсан. Хамгийн хүнд барилдаан гуравдугаар барилдаан болон шигшээ наймын барилдаан маш их хүнд байлаа. Шигшээ найманд шалгарсны  дараах барилдаан гэсэн хүнд байсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.