МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Тэнгэр заяат хөх Монголынхоо нийт ард түмэндээ “Дэлхийн усны өдөр”-ийн амар мэндийг  айлтган дэвшүүлье!

Төв азийн цээжинд эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас бага, усны нөөцөөр хязгаарлагдмал бүсэд оршиж, байгаа нөөц нь нутаг дэвсгэртээ туйлын жигд бус тархсан Монгол орны хувьд амьдралын эх булаг болсон ус нь хамгийн үнэт баялаг юм. Усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах нь хүн төрөлхтний амьдрах, улс орон оршин тогтнох үндэс нь билээ.

Ийм ч учраас бидний өвөг дээдэс өнө эртнээс усыг амьдралын эх үндэс хэмээн дээдэлж, усаа бохирдуулахгүй, ариун тунгалаг байлгахыг эгнэгт эрхэмлэж, усны эх булгийг онцгойлон хамгаалж ирсэн сайхан уламжлалтай. Өвөг дээдсийнхээ мөрдөж ирсэн энэ сайхан ёс заншил, уламжлалаа өнөөгийн нөхцөлд баяжуулан хөгжүүлж, бодлого болгон хэрэгжүүлэх нь өнөөдөр иргэн бүрийн журамт үүрэг юм.

2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан бөгөөд бидний хувьд энэ өдрийг “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол орны усны нийт нөөцийн сүүлийн 40 жилийн судалгаанаас үзвэл жил тутам дунджаар 564.8 км3 байдаг ба үүний 82.5 хувь буюу 500 км3 -г нуур, 6.1 хувь буюу 34.6 км3 -ийг гол, мөрөн, 3.4 хувь буюу 19.4 км3 -ийг мөнх цас, мөсөн гол, 1.9 хувь буюу 10,8 км3 -ийг газрын доорх ус тус тус эзэлж байна. Гэтэл бид өнөөдөр хүн ам, нийгэм-эдийн засгийн салбаруудын усны хэрэглээний  80 гаруй хувийг Монгол улсын нийт усны нөөцийн 1.9 хувийг эзэлж байгаа газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байна. НҮБ-аас Дэлхийн усны өдрийг “хаягдал ус” гэж нэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломж бүхий “нөөц баялаг” бөгөөд бид хаягдал усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах шинэ дэвшилтэт техник технологийг эрчимтэй нэвтрүүлэхэд онцгой анхаарч, өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэх цаг нь болсон.

Монгол улсын Засгийн газрын зүгээс усны салбарт томоохон ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхлээд байгаагаас энд дурдахад таатай байна. Тухайлбал “хаягдал ус”-ыг нь эргүүлэн ашиглах боломжтой байдлаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Мөн хаягдал усыг эргүүлэн ашиглах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барина.

Ирээдүй хойч үедээ энэ сайхан Монгол орноо цэвэр цэнгэг устай нь, онгон  сайхан  байгальтай нь үлдээхийн төлөө ухаант хүн бүр өөрсдөөс шалтгаалах бүхнийг чин сэтгэлээсээ хийж, өдөр тутмын хэрэглээндээ чандмань эрдэнэ болсон усыг хэмнэх, ариг гамтай ашиглах ахуйн соёл, дадал заншлыг улс үндэстнийхээ үнэт зүйл болгон төлөвшүүлэхийг Та бүхэндээ уриалж байна.

Амь амьдралын эх булаг, чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалж, зүй зохистой ашиглахад хүч, хөдөлмөрөө зориулж ирсэн Усны салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид, алба хаагчдад “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс аз жаргалтай, амар амгалан амьдралын гэгээн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Аливаа бүхний эхлэл болсон, Амьдрал жаргалын эрдэнэ болсон, Ус гэдэг үнэн гайхамшигт “чандмань эрдэнэ”-ийн төлөөх Та бидний хамтын ажиллагаанд дуусаж, дундаршгүй оргилуун их амжилтыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн, Улсын Их Хурлын гишүүн,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд                               Д.Оюунхорол

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.